Ипотекийн 5 хувийн зээл өнөөдрөөс хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Ипотекийн 5 хувийн зээл өнөөдрөөс хэрэгжинэ

Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна. Гэхдээ нэг зүйлийг урьдчилан сануулахад өмнө нь найман хувийн хүүтэй зээлээр орон сууц авсан иргэд таван хувь руу шилжихгүй. Мөн шинээр ипотекийн зээлээр авч буй байр болгоныг таван хувийн зээлд хамруулахгүйг анхааруулъя.

Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож буй юм. Цаашлаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, бондноос олох мөнгө нэмэгдвэл ипотекийн зээлийн хүүг нийтэд нь үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллахаар болсныг эрх баригч намын дарга мэдэгдсэн. Тиймээс  эхний ээлжинд хэсэгчлэн шилжүүлэх нь эдийн засгийн нөөц бололцоондоо тулгуурласан хэрэг юм.

Ямартай ч өнөөдрөөс эхлэн Засгийн газар эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан, хотын захын буюу алслагдсан дүүрэг, 21 аймгийн хэмжээнд иргэддээ жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг олгож эхлээд байна.

Харин УИХ-ын дарга З.Энхболд "Монголчууд ирэх сонгуульд Ардчилсан намд 50-аас олон суудал өгч байж л ипотекын 5 хувийн зээлд хамрагдах боломжтой. Хэрэв сонгохгүй юм бол эхлүүлж болсон юм чинь зогсоочихож болох байлгүй" гэж хэлсэн талаар сошиал ертөнцөөр шуугиж байна. Гэхдээ энэ нь ташаа мэдээлэл бөгөөд хаана, хэрхэн хэлсэн нь тодорхойгүй учраас улс төрийн хүчнүүд сонгууль дөхөөд бие биенээ “намнах” гэсэн ташаа мэдээлэл бололтой.

Ямартай ч та өнөөдрөөс таван хувийнхаа зээлийг хөөцөлдөж эхлэхээ мартуузай.

Л.ХАЛИУ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж