Үерийн аманд буусан айлууд бусдадаа ч аюул учруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Үерийн аманд буусан айлууд бусдадаа ч аюул учруулж байна

ҮЕРИЙН АМАНД БУУСАН АЙЛУУД БУСДАД Ч АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА

Нийслэлд үерт автах эрсдэлд буй 2889 айл байгааг холбогдох газрууд нь тогтоожээ. Үүнээс Баянгол дүүрэгт 122, Баянзүрх дүүрэгт 803, Хан-Уулд 328, Сүхбаатарт 434, Чингэлтэйд 462, Сонгино хайрханд 669 айл усанд автаж мэдэхээр байгаа аж. Мөн эн тэргүүнд нүүлгэх шаардлагатай айл, өрхүүдийн тоо 500 хүрээд байгаа юм. Тэдэнд зориулж нийслэлийн Газрын алба, Захирагчийн ажлын албанаас шинэ суурьшлын бүсийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шийдэж өгсөн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XIII хороонд 220, Сонгинохайрхан дүүргийн XXII хороонд 50, Налайх дүүргийн цэргийн ангийн урд талд 300 ам метр талбайг суурьшлын бүс болгохоор болсон аж. Дээрх газруудад нүүж ирэх айлуудад зориулж ус, тог, нийтийн тээврийн үйлчилгээг нь ч шийдэж өгсөн байна. Гэвч энэ хараахан үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Үер усны аюултай уялдуулан холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд бүтэц, инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн дээд дэслэгч Ц.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд бороо ихтэй байх нь. Үүнээс хамаарч айлууд усанд автах тохиолдол гарах боллоо?

-Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн газар усанд автсаныг мэдэж байгаа байх. Тухайлбал, Сонгино хайрхан дүүргийн XIII хороо, Баян зүрх дүүргийн хэд хэдэн бүст борооны улмаас айл өрх, үйлдвэрүүд усанд автсан. Яг өнөөдрийн байдлаар үерт автсан айлуудын талаар мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ бороо, хур ихтэй байгаа болохоор иргэд анхаарал сэрэмжтэй байх нь зүйтэй.

-Үерийн эрсдэлтэй бүсүүдийг танайхаас судалж гаргасан гэсэн. Зөвхөн шар ус, борооноос болж үер болдоггүй нь харагдаж байна?

-2009 оноос энэ судалгааг хийж эхэлсэн. Мөн энэ онд нийслэлийн Газрын албатай хамтарч дахин судалгаа хийлээ. Бороо, шар усны үерээс гадна инженерийн байгууламжгүй газрууд усанд автаж байна. Байгаа далан сувгуудаа хогоор дүүргэчихдэг нь ч үүнд нөлөөдөг байх.

ҮЕР УСНЫ АЮУЛ ЭНЭ ЗУН ОЛОН ТОХИОХЫГ ҮГҮЙСГЭХҮЙ

Ус цаг уурын хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос зарим зүйлийг тодрууллаа.
    
-Энэ зун үер усны аюул тохиох эрсдэлтэй байгааг онцгой байдлын албадууд сэрэмжлүүлж байгаа?

-Энэ сарын 12-ны өдөр нийслэлд нэлээд хүчтэй аадар орсон. Энэ борооны улмаас Сүхбаатар дүүргийн гал унтраах 34 дүгээр анги дээр аянга буусан байна. Мөн 15-ны өдөр Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт үерийн далан сэтэрсэн. Эндээс үзэхэд үер уснаас хамгаалах тал дээр анхаарал тавих хэрэгтэй болжээ. Мөн үер усны мэдээллийг зарлан түгээж хэрэглэгчдэд хүргэж чадаж байна уу гэдэг асуудлуудыг аваад үзэхэд хангалтгүй үзүүлэлт гарч ирнэ.

-Энэ юутай холбоотой вэ?

-1999 онд Японы Жайка байгууллагын тусламжтайгаар Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Баянхошуу зэрэг газрын гэр хорооллууд дунд зарлан мэдээлэх дохиоллын систем тавьсан юм. Тэр төхөөрөмж нь тухайн үедээ нэлээд хэрэг болж байсан ч өнөөдөр нийслэлд гэр хороолол хэт тэлснээс үүдэн бараг ажиллахгүй байна. Тухайн үед долоон тийм дохиоллын систем байсан бол өнөөдөр дөрөв нь л ажиллаж байгаа. Ажиллаж байгаа энэ дөрвөн систем нь шаардлага хангахгүй байгаа юм.

-Танай байгууллагын дүгнэж буйгаар энэ зун хэр их хур тундас орох төлөвтэй байна вэ?

-Энэ жилийн хувьд аянга цахилгаантай хүчтэй аадар бороо харьцангуй эрт орж эхэлжээ. Тийм учраас зургадугаар сарын сүүлийн хоногууд бороотой байх нь. Тиймээс ард иргэд энэ үеэр үер усны аюулаас сэрэмжтэй байх хэрэгтэй. Ер нь Монгол оронд ордог хур борооны 90 хүртэлх хувь нь зундаа ордог. Тэгэхээр эрт орж эхэлсэн борооноос болгоомжлох хэрэгтэй. Долоо, наймдугаар саруудад ч бороотой байх бололтой. Ер нь онцолж хэлэх нэг чухал зүйл бол уур амьсгалын өөрчлөлтөөс болоод зуны цагт ордог бороо ихэнхдээ аадар хэлбэрээр ордог болсон байна. Тийм учраас үер усны аюул нийслэлд олон удаа тохиолдох нөхцөл бүрдээд байна.

ҮЕРИЙН АМАНД БУУСАН АЙЛУУД БУСДАДАА Ч АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Тулгаас зарим зүйлийг тодрууллаа.
    
-Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 3000 шахам айл байгаа гэлээ. Энэ тал дээр танайх ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлийн газрын албанаас үерийн эрсдэлтэй газруудад дахин айл буулгахгүй байх талаар хянаж байгаа. Урьд нь буугаад байсан айлуудад шаардах хуудас, мэдэгдэл өгч байна. Гэвч иргэд маань өөрсдөө ухамсарлаад шинээр төлөвлөсөн газруудад буух тал дээр хойрго хандаж байгаа. Уг нь бид шинэ суурьшлын бүсэд иргэдэд зайлшгүй хэрэгтэй ус, тог, нийтийн тээвэр зэрэг үйлчилгээг нь аль болох шийдэж байгаа ч нааштай үр дүн гарахгүй байна.

-Инженерийн байгууламж, далан шуудуу дутмагаас болж айлууд усанд автах үзэгдэл их байгаа гэсэн?

-Яг ч тэгж ойлгож болохгүй. Энэ нь иргэд хаа дуртай газраа буудагтай холбоотой. Тухайлбал үер болдог далан сувгийг хааж, шороо асгаад, байгалийн тогтоцыг нь өөрчилчихдөг. Үүнээс болж үерийн аюул тохиолддоггүй байсан айлууд хүртэл усанд автаж байна. Түүнээс биш үерийн далан суваг хангалттай бий. Шинээр газар төлөвлөхөд ч үүнийг авч үздэг. Гол нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалж усанд автах, үерийн эрсдэлд орох нь нэмэгдэж байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж