Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Өгсөлт ба уналт

 

Мария Шарапова нэг жилийн өмнөх нэгэн ярилцлагадаа их спортоо орхисны дараа спортын тоймч, шүүгч болохгүй хэмээн ярьсан байдаг.

 

“Би спортод дуртай. Гэхдээ өөрийгөө спортын тайлбарлагч болно гэж огт төсөөлж чаддаггүй. Би нам сууж, телевизээр тэмцээнийг бүтнээр нь үзэж байсан удаагүй. Энэ тал дээр би анхаарал султай” хэмээн ярьж байжээ. Харин тэрний оронд теннисийн гүнж маань өөрийн бизнесийн вант улсыг бий болгохыг зорьдог гэжээ.

 

Porsche гэх мэт хамтран ажилладаг брэндүүдийнхээ талаар Шарапова нэгд нэгэнгүй судлах дуртай байв.  Их спорттой шууд холбоотой түүний нэр хүнд, зар сурталчилгаа нь нэг л мэдэхэд Sugarpova брэндийг бий болгосон билээ. Бэлэн хувцаснаас авахуулаад аккессуарын зар сурталчилгааны нүүр царай болсон Шарапова хамгийн царайлаг, хамгийн амжилттай, мэдээж хамгийн баян алдартан болсон. Хэдэн жилийн өмнө Шарапова нэрээ Sugarpova болгож өөрчилнө гэж наргиж байсан нь түүнийг энэ салбарт хэр гүн орсныг харуулсан билээ.

 

Гэвч сэргээшний шинжилгээний хариу эерэг гарсан нь түүний үлгэрийн мэт амьдралд цэг тавьж орхив бололтой. Өдгөө 28 настай теннисийн од сэргээшний дуулиан шуугиан намдтал өвдсөн мэт жүжиглэхээс татгалзаж, хэвлэлийн хурал зарлан, сэргээшний хариу эерэг гарсан нь мельдоний хэмээх эм ууж байсантай холбоотой гэж мэдэгдсэн. Чихрийн шижингээс сэргийлж, зүрхний ачааллыг бууруулах зорилгоор теннисчин уг эмийг эмчийн заавраар хаяа ууж хэрэглэж байснаа хүлээв. Тэрбээр мөн WADA энэ эмийг энэ нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сэргээшийн төрлийн бүтээгдэхүүний жагсаалтанд шинээр оруулсныг мэдээгүй гэсэн юм.

 

Сэргээшийн шинжилгээг Мария Шарапова хагас шигшээд эртний өрсөлдөгч Серена Уилльямст хожигдсон Австралийн нээлттэй тэмцээний үеэр авсан аж. Сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн Мария Шараповаг теннис тоглохыг тодорхойгүй хугацаагаар хориглосон бөгөөд нэр теннисчний спонсор компаниуд болох Porsche, Nike болон Tag Heuer хамтран ажиллах гэрээгээ цуцалсан. 2004 оноос хойш хамтарч ажилласан Tag Heuer гэрээгээ сунгахаас татгалзсан билээ.

 

Шарапова шар хэвлэлүүдийн дайралтаас сэргийлж, сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тухай мэдээллийн талаар өөрөө мэдэгдсэн. Түүний хэвлэлийн төлөөлөгчид “том мэдэгдэл” хийхээр хэвлэлийн хурал зарлахад олон хүн түүнийг их спортоо орхих нь гэж таамаглаж байв. Учир нь Шарапова өнгөрсөн жилийн мөрний гэмтлээсээ болоод найман сарын хугацаанд ердөө хоёр тэмцээнд оролцсон аж. Гэтэл теннисийн гүнж сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан хэмээн мэдэгдэж олныг гайхашруулсан.

 

Ийм мэдэгдлийн дараа түүнийг өмөөрөх хүн цөөхөн үлдсэн юм. Шараповагийн мэдэгдлийн хариуд Латвийн эм үйлдвэрлэгч компани мэдэгдэл хийж, мельдонийг өвчтөн дөрвөөс зургаан долоо хоног курсээр уудаг бөгөөд жилд нэгээс хоёр удаа курсээр ууж болно, тэрнээс арван жилийн турш тасралтгүй ууж болохгүй гэсэн юм.

 

WADA ч мөн хариу мэдэгдэл хийж, мельдонийг сэргээшийн төрлийн эм бэлдмэлд оруулахаас өмнө түүнд таван удаа анхааруулсан гэсэн билээ. Үүний дараа Шараповагийн хамтран ажиллагч бусад компаниуд “American Express”, “Avon”, “Evian”, болон “Head” гэрээгээ цуцалсан юм.

 

Энэ бүхэн жилд зар сурталчилгаанаас 20 сая ам.доллар олдог теннисийн гүнжийн хувьд хувьд асар өндрөөс гэнэт унасантай адилхан зүйл болсон билээ.

 

Шараповагийн теннис тоглох эрхийг нэгээс дөрвөн жил хүртэл хориглож магадгүй. Хэрэв тэгвэл түүний карьер үүгээр дуусах нь гарцаагүй. Удахгүй 29 нас хүрэх гэж буй теннисийн гүнж хоёр жилийн өмнө том ялалт байгуулснаас хойш сүүлийн нэг жилийн хугацаанд нэг ч хожил аваагүйгээс гадна чансаа нь долоо руу буурсан билээ. Гэвч теннесийн тамирчид сэргээшийн шинжилгээнд бүдэрснээс тоглох эрхээ хасуулсан нь зөвхөн энэ биш юм. 1997 онд нэрт теннисчин Андре Агасси метамфетамин хэрэглэснээс сэргээшний шинжилгээнд бүдэрсэн билээ. Тэрбээр эмийг санамсаргүй уусан гэж Мэргэжлийн теннисчдийн холбооны удирдах зөвлөлд мэдүүлж байв. Холбоо ч Агассигийн мэдүүлгийг хүлээн авч, шинжилгээний хариуг хав дарсан билээ. Агасси харин хожим дурсамжийн номондоо санамсаргүй уусан гэдэг нь худлаа гэж бичсэн байсан.  Тиймээс сүүлийн жилүүдэд Олон улсын теннисийн холбоо сэргээшийн асуудалд хойрго хандсан, спортын нэр хүндийг аврахын тулд сэргээшийн  дуулианд нэр холбогдсон нэртэй тамирчдын нэрсийг нууцлах сонирхолтой гэснээрээ шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

 

Өнгөрсөн жил Nike компани сэргээшийн дуулианд холбогдож, хоёр удаа эрхээ хасуулж байсан АНУ-ын богино зайн гүйлтийн тамирчин Жастин Гатлинтай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарах нь бүх зүйл дууссан гэсэн үг биш гэдгийг нотолсон.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж