Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Хятад 2030 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах зорилт тавьсан нь нүүрсний салбарт томоохон өөрчлөлт авч ирж байна. Улмаар Хятадын засгийн газар нүүрсний импорт, үйлдвэрлэлээ багасгаж, төрийн өмчийн компаниудад бүтцийн өөрчлөлт хийж эхэлжээ. Бээжингийн эрх баригчид ирэх гурван жилд шинээр нүүрс олборлолтын зөвшөөрөл олгохгүй гэдгийг мэдэгдсэн юм. Хятадад өдгөө 11 мянга орчим уурхай ажилладаг бөгөөд өнгөрсөн 2015 онд 3.7 тэрбум тонн нүүрс олборлосон байна. Гэхдээ Хятадын бүх нүүрсний уурхайн хүчин чадлыг тооцвол 5.7 тэрбум тонн нүүрс олборлох боломжтой аж. Хятадын нүүрсний уурхайн салбарт зургаан сая орчим хүн ажилладаг байна.
Бээжингийн эрх баригчид бүс тус бүрээр ялгавартайгаар нүүрс олборлогчдын татварын хэмжээг нэмэгдүүлж, импортынхоо хэмжээг 50 сая тонн, олборлогч томоохон компаниудад олборлолтоо 125 сая тонноор бууруулахыг өнгөрсөн оны сүүлээр үүрэг болгосон байв. Гэхдээ Хятадад өнгөрсөн онд 70 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай 1000 орчим уурхайг хаасан байна. Энэ онд ч ойролцоо тооны уурхайг хаахаар төлөвлөжээ. Хятадад нийт 5600 гаруй уурхайг хаах гэнэ. Хятадын шинжлэх ухааны академийн тооцоогоор түүхий нүүрсний олборлолт энэ онд 4.2 хувиар буурах гэнэ.
Үүний зэрэгцээ Хятадын нүүрсний компаниудын 80 гаруй хувь нь өнгөрсөн онд алдагдалтай ажиллажээ. Тухайлбал, Хятадын хамгийн том уул уурхайн “Shenhua” групп өнгөрсөн нэгдүгээр сард гэрээний үнээ тонн тутамд нь 13-20 юань /1.97-3.04 ам.доллар орчим/ бууруулахад хүрсэн аж.
Хятадын засгийн газраас төрийн өмчит нүүрсний томоохон компаниудад бүтцийн өөрчлөлт хийх болсноор 1.8 сая хүн ажилгүй болох гэж байна. Нүүрсний уурхайн 1.3 сая, гангийн үйлдвэрлэлийн 500 мянган ажилчныг цомхотгох тухай Бээжингийн албаныхан мэдээлжээ. Цомхотголд орсон хүмүүсийг дахин өөр ажилд зуучлахад зориулан засгийн газраас 100 тэрбум юанийн санг хүртэл байгуулсан аж. Гэвч энэ нь нүүрсний уурхайн ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч байна.
Мөн өнгөрсөн амралтын өдрөөр Хятадын Хар мөрөн мужийн Шуанъяшань хотноо олон мянган уурхайчид жагсаал хийж “Longmay Mining Holding” группээс хоёр сарын цалингаа нэхэн жагсаал хийжээ. Хятадын эрх баригчдын бүтцийн өөрчлөлтийн жишгээр нэрлэгдсэн тус компани нэгэнт цомхотголд орох ажилчдын цалинг сүүлийн хоёр сар өгөөгүй аж.
Б.АНХТУЯА