Д.Энхбат: Ерөнхийлөгч хориг тавина гэж найдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Д.Энхбат: Ерөнхийлөгч хориг тавина гэж найдаж байна

Д.Энхбат: Ардчилсан намынхан тууштай зогсвол Ерөнхийлөгч хориг тавина гэж найдаж байна

УИХ-ын гишүүн Д.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-УИХ дахь Ардын на­мын бүлэг Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухай хуулийн төсөлд Сонгуулийг ма­жори­тари давамгайлсан хувил­бараар явуулах нь зүйтэй хэ­мээн тусгахаар болсноо зарласан. Тэдний шийдвэрт ямар дүгнэлт өгч байгаа вэ?

-Монголын ард түмэн “Сон­гуулийн шинэчилсэн тог­толцоотой болох нь” гэсэн хүлээлттэй болчихсон байсан. Ардын намынхан гурван жил Монголын ард түмэн болон парламентад суудалтай намуудыг хү­лээлгэж, таавар таалгасны эцэст сая нэг юм хөзрөө дэлгэлээ. Ингэхдээ “Бид энэ гурван жилийн хугацаанд ард түмэн болон парламентад суудалтай бусад намынхныг хуурч байсан юм аа” гээд хэлчихлээ шүү дээ. Энэ бүхнээс Ардын нам наанаа нэг зүйл ярьсан атлаа цаанаа өөр зүйл хийж байжээ гэдэг дүгнэлтэд хүрч байна.

Мөнгөний сонгуулиас болоод улс орон буруу замаар орж, ард түмэн улс төрд итгэхээ болилоо гэдгийг хүмүүс харж, мэдэрч байна. Ийм нөхцөлд улс орныг цааш нь авч явахын тулд засаглалыг эрүүлжүүлэх ёстой. Тиймээс олон түмнийг хагаралдуулахгүйн төлөө ард түмний санал зөв тусдаг хувилбарыг сонгох нь зөв. Парламентыг нээлттэй болгож, монголчууд парламентын болон гудамжны гэж хуваагдахаа ч болих хэрэгтэй.  Үүний тулд пропорциональ хувилбарыг сонгосон юм. Улс төрийн шинэчлэл хийх стратегийн өөрчлөлтөөс Ардын нам няцаж, Монголын улс төрийг эрүүлжүүлэх тулгуур зарчмаасаа өөрсдөө эхэлж ухарч байгаад харамсаж байна.

-Яагаад хуурсан гэж хэлж байгаа юм бэ?

-Пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах саналыг анх С.Баяр МАХН-ын дарга байх үедээ гаргаж байсан. Тухайн үед Ц.Элбэгдоржийг Ардчилсан намын дарга байхад энэ саналыг гаргаж, “2008 оны сонгуулийг пропорциональ тогтол­цоогоор явуулъя” гэж уриалж байсан түүхтэй. Дараа нь Ардын намаас сонгуулийн төгөлдөршил гэсэн хөтөлбөр зарлаж, “Ард түмний саналыг аль болох давуу тусгасан шинэ тогтолцоонд шилжинэ” гэсэн шийдвэрийг их хурлаасаа ч гаргаж байсан шүү дээ. Үүнийх нь дагуу одоо байгаа парламентын эхний жил УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүд “Сонгуулийн пропорциональ тогтолцоо руу шилжих нь” гээд сонгуулийн пропорциональ тогтолцоо 100 хувь санал болгосон хуулийн төсөл өргөн барьсан.  Үүний хариуд Ардчилсан намаас Лу.Болд тэргүүтэй гишүүд мөн л адилхан сонгуулийн пропорцианоль тогтолцоог санал болгосон хуулийн төсөл өргөн барьж байсан. Өөрөөр хэлбэл, эрх баригч хоёр намаас 100 хувь пропорциональ тогтолцоог санал болгож байсан юм. Парламентын эхний жил ийм л байдалтай өнгөрсөн. Хоёр дахь жил нь “Анхнаасаа мажоритари тогтолцоогоор сонгууль явуулж байсан учир  100 хувь пропорциональ тогтолцоотой байх нь дэмий юм байна. Бага зэрэг мажоритари хувилбар оруулж, хөдөө нутгийн онцлогийг тусгах хэрэгтэй” хэмээн холимог тогтолцоогоор сонгуулийг явуулах тухай баахан тайлбарласан. Харин гурав дахь жил нь буюу энэ жил “Холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар тогтлоо” гэж улс төрийн намуудын дарга нар уулзаж, сонгуулийн пропорциональ тогтолцоог зарчмын хувьд дэмжиж байна гэж гарын үсэг зурсан шүү дээ. Үүний дараа “Техникийн асуудлаа нэг мөр болгоно. Улс төрийн асуудлыг хамгийн сүүлд шийднэ” гэсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл одоо дээрх шийдвэрийг гаргачихаад сууж байгааг нь хууран мэхлэлт гэхгүй яах вэ.

-Эрх баригч намууд “Жижиг болон парламентад суудалгүй намуудын саналыг харгалзсаны үндсэн дээр сонгуулийн холимог тогтолцоог сонгосон” гэж тайлбарлаж байгаа нь асуудлыг та бүхэн рүү бухсан хэрэг болж таарч байна уу?

-Анхнаасаа асуудлыг саар­магжуулж байгаад эцэст нь дэлгэж байгаа хэрэг л дээ. Ингэснээр “Хамтарсан Засгийн газар яах гэж байгуулсан юм” гэсэн асуулт гарч ирж байгаа юм.  Хамтарсан Засгийн газар байгуулах болсон гол шалтгаан нь “Долдугаар сарын 1”-ий үйл явдлыг давтагдуулахгүй л байх байсан. Харин одоо дахиад л тэр байдал руу ухрах алхам хийж байх юм.

-Ардын намынхан өөрс­дийн шийдвэрийг хүлээн зөв­шөөрүүлэхийн тулд бусад намтай тохиролцохоор ажлын хэсэг бай­гуулсан. Хэрэв зөвшилцөлд хүрч чадахгүй удвал Сонгуулийн ту­хай хуулийг шинэчилж ча­­дахгүй. Хуучин мажоритари тог­толцоогоороо сонгууль явуулахаас өөр аргагүй болох учир тэдний саналыг хүлээж авахаас өөр аргагүй юм биш үү?

-Иргэний зориг-Ногоон намын гишүүд Ардын намын санал болгож буй тогтолцоо нь цэвэр мажоритари хувилбараасаа дор гэж үзэж байгаа. Учир нь 76 жижиг тойргийн оронд 52 жижиг тойрогт 52 нэр дэвшигч өрсөлдөнө. Харин дээрх хоёр нам дунджаар 30 хувийн санал авлаа гэж үзэхэд 24 суудлынх нь тал хэсэг автоматаар эрх баригч хоёр намд шилжинэ гэсэн үг. Энэ бол мажоритари давамгайлсан про­порциональ хувилбар биш. Дарга нараа нэр дэвшүүлэлгүйгээр УИХ-д сонгодог цоорхой мажоритари тогтолцоо юм. Мажоритари давам­гайлсан тогтолцоо бол стандарт бус Засгийн газрыг л авч үлдэх гэсэн нэг оролдлого төдийгүй арын хаалгаар УИХ-д суудаг хэдэн гишүүнтэй мажоритари тогтолцоо гэж бодож байна. Тиймээс энэ хувилбарыг сонгосны оронд 100 хувь мажоритари тогтолцоогоор сонгуулиа явуулсан нь дээр. Хаана, хаанаа нэр цэвэр шүү дээ. Улс төрийн намууд өөрсдийн эрх ашгаас болж Монгол Улсын улс төрийн шинэчлэл, 1.5 сая сонгогчийн эрх ашгийг хөндсөн буруу алхам хийвэл Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа “Ямар тогтолцоогоор улс төрийн намуудад эрх мэдлийг өгөх вэ” гэж сонгогчдоос асууж байж, хэлэлцэх хэрэгтэй. Сонгуулийн тухай хууль гэдэг сонгогчдын л хууль шүү дээ. Ард түмний санал асуулгын тухай хуулийг хэрэглэх цаг нь одоо ирчихээд байна. Тиймээс эрх баригч намууд амлалтаа биелүүлэхгүй, парламентын түвшинд энэ асуудлыг шийдэж чадахгүй бол бүх ард түмний санал асуулгыг явуулах нь зүйтэй. Ингэж чадвал ард түмэн улс төрчдийн хооронд үл ойлголцол гарахгүй. Нэгэнт л ард түмэн өөрсдийн сонголтоо хийсэн. Хариуцлагаа өөрсдөө л үүрнэ. Сонгуулийн дараа бужигнаж байснаас наана нь учраа олох хэрэгтэй биз дээ.

-Ардын намынхны эсрэг Ард­чилсан намынхан зогсохоо мэ­дэгдсэн. Та бүхэн Ардчилсан намынхантай нэг байр суурьтай байгаа. Ер нь Ардчилсан намынхан бууж өгөхгүй гэх баталгаа байгаа болов уу. Та бүхэн хоорондоо ярилцаж үзсэн үү?

-Бид Ардчилсан намын гишүүдэд албан бусаар, хоол идээд сууж байхдаа ч юмуу “Та нар дотроо хагардаг. Урвадаг шүү. Байр сууриа хамгаалаарай” гэж сануулж байгаа.

-Хэрэв Ардчилсан намынхан өөрсдийн байр сууриа эцсээ хүртэл хамгаалсны үндсэн дээр эрх баригчид 38:38 гэсэн хувилбарыг сонговол Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цаашид хэлэлцэх боломжтой юу?

-Бид дээрх хувилбарыг дэм­жихгүй. Ардчилсан намынхан өөрсдийн шийдвэрийг хамгаалж чадвал Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэж бодож байгаа. Үгүй ч байж магад. Иргэний зориг-Ногоон нам Ардчилсан намын 50:26 гэсэн хувилбарыг дэмжиж байгаа. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавибал  УИХ-ын гишүүд 3/1-ээр түүний хоригийг хүлээж авна. УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчтэй өчигдөр албан бусаар уулзаж, дээрх саналаа цухуйлгасан.

-Та бүхнээс гадна Ардчилсан намынхантай санал нэгтэй байгаа Ардын намын гишүүд байгаа гэж сонссон. Нэгэнт л адил саналтай гишүүд байгаа учир энэ байр суурин дээрээ нэгдэж болохгүй гэж үү?

-Харин тийм байдал үүсгэхгүйн тулд л улс төрийн намууд удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанаасаа шийдвэр гаргаж, гишүүддээ тулгаж байна шүү дээ. “Чамайг эсрэг санал өгвөл 2012 оны сонгуулиар нэр дэвшүүлэхгүй” гэх зэргээр дарамтлах ч юм уу. Тиймээс улс төрийн шинэчлэл хийх хүсэлтэй байгаа гишүүдийг өөрсдийн байр сууриндаа үнэнч байгаач гэж хэлмээр байна.  Пропорциональ гэж нэрлээд бодит байдал дээр пропорциональ биш хувилбар оруулж ирэх хэрэггүй биз дээ. 2012 онд сонгогчид саналаа өгчихөөд үр дүнг нь харахдаа “Энэ пропорциональ гэдэг нь хэрэггүй юм байна” гэж л бодно шүү дээ. Тэгэхээр 2012 онд ард түмнийг дахиж гонсойлгохгүйн тулд, иргэдийг улс төрийн хүчинд итгэдэг болгохын тулд, улс төрчид бага зэрэг итгэл олохын тулд өөрчлөлтийг бүрнээр нь хийх хэрэгтэй. “Тал жирэмсэлнэ” гэж нэг шог үг байдаг байх аа. Үүн шиг зүйл хийж болохгүй.

-Эрх баригчид “Сонгогчид дассан тогтолцооноосоо тийм ч амархан салахгүй. Тиймээс ма­жоритари тогтолцоог л дэмжинэ” гэж тайлбарлаад байгаа. Үнэхээр ч пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулснаар “Намд нь са­налаа өгтөл миний сонгохыг хүсээгүй хүн УИХ-д сонгогдчихсон байна” гэсэн гомдол гарах эрсдэл бий гээд байгаа шүү дээ?

-Тийм зүйл огт байхгүй.  Про­порциональ тогтолцоо мажор­итари тогтолцооноосоо олон давуу талтай. Тухайлбал, сонгогчдын санал бүрэн тусдаг. Хамгийн чухал нь өнөөдөр Монгол оронд 76 жижиг тойрог байхад улс орны нэгдмэл эрх ашгийн асуудал ер хөндөгддөггүй. Гишүүн бүр жил болгон тойрогтоо нэг тэрбум төгрөг зарцуулж, тойргийнхоо асуудлыг л ярьдаг. Харин Монгол Улсын нэгдмэл эрх ашгийг хэлэлцэх гэхээр үргэлж, асуудал үүсдэг. Пропорциональ тогтолцоо нь дээрх асуудлыг гаргахгүй. Нэг хүний улс төрийн тоглолтоос гаргах нэг арга юм. Нөгөөтэйгүүр, эрх баригч намуудыг хараад байхад бусад намынхантай сонгуульд өрсөлдөхөөсөө илүү нам дотроо өрсөлдөхөөс айдаг нь ажиглагдсан. Учир нь нөгөө намынхантай өрсөлдөж буй тохиолдолд мөнгө тараасан юм уу булхай гарсан тохиолдолд “Манай намынх” гээд  өршөөдөг бичигдээгүй хуультай. Харин пропорциональ тогтолцоо нь улсын сонгуульд орохоос өмнө намын мянга мянган гишүүдийн шүүлтүүрийг бий болгож, тухайн намаас нэр дэвших хүнийг сонгох бололцоо олгодгоороо онцлог юм.  Үнэндээ намын гишүүдийн саналаар сонгуульд нэр дэвшинэ гэдгээс л эрх баригчид айгаад байгаа юм. Харин нэр дэвшигчдээ намын бага хурлаараа сонгоод тойрог, тойрогт нь хуваарилахад намын гишүүдийн санал тусдаггүй. Тиймээс пропорциональ тогтолцоо нь улс төрийн намыг эрүүлжүүлж, гишүүдийг нь идэвхжүүлж, өрсөл­дөөнийг шударга болгодог. Улс төрийн намуудыг эрүүлжүүлж байж засаглал эрүүл болно. Үндсэн хууль засаглалын бүтэц, зарчмыг заадаг бол Сонгуулийн тухай хууль засаглалыг бүрдүүлдэг. Тиймээс Сонгуулийн тухай хуулиас бүх зүйл хамаарч байгаа юм. 

-Ярилцсанд баярлалаа

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж