Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн чиглэлд тавих төмөр замыг дотоодынхоо хөдөлмөрийн нөөцөд түшиглэн барих бодлогыг Засгийн газар барьж буй.
Монголын төмөр зам ХХК-иас Тавантолгой-Сайншанд чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд найман мэргэжлээр 3362 хүнийг бэлтгэх шаардлагатай гэсэн судалгааг гаргажээ. Дээрх судалгаанд үндэслэн Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалах яам хамтран 2601 албан хаагчийг таван мэргэжлээр сургаж, мэргэшүүлэхээр болж, ажлаа эхлүүлсэн нь амжилттай үргэлжилж байна. Тодруулбал, Налайхын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110 сонсогч хүнд машин механизм оператор мэргэжлээр, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас 15 байлдагч хүнд машин механизмын засварчин мэргэжлээр тус бүр суралцаж байна. Сургалт өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн, одоо ид дадлага хийж буй бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 15-нд дуусах аж. Долоо хоногийн ням гаригаас бусдад нь хичээллэдэг гэнэ.
Суралцагчдын хувьд цэргийн алба хаах хугацаандаа нарийн мэргэжил давхар эзэмшин бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох болсондоо баяртай байна.
Ахлах бэлтгэх төвийн сонсогч С.Мөнгөнтав: Ховд аймгаас өнгөрсөн оны аравдугаар сард ирсэн. Багадаа би цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Хар багаас хүссэн мөрөөдлөөрөө Ахлах бэлтгэх төвийн сонсогч болсон. Дараа нь шалгалт өгөөд хүнд машин механизмын оператор мэргэжлээр суралцаж эхэлсэн. Мэргэжилтэй байхад хаана ч алзахгүй. Тийм учраас надад хэрэгтэй мэргэжил байна гэж үзээд энэ ангийг сонгосон. Хичээл эхлээд гурван сар орчим болж байна. Төмөр зам барина гэдэг нарийн чимхлүүр ажил. Тэр дундаа оператораар ажиллана гэдэг сайхан шүү дээ. Үнэндээ бол хүнд машин механизм гэж юу байдгийг огт мэддэггүй байлаа. Сураад эхлэхээр улам л ихийг мэдэхийг хүсдэг.
Б.Галхүү: Ховд аймгийн Алтай сумаас ирсэн, зургаан сар болж байна. Хүнд машин механизмын операторын ангид сурдаг. Давхар мэргэжил эзэмшээд баяртай байна. Буудлагаараа явсан ч болно, хүнд машин механизмын оператор мэргэжлээрээ ажилласан ч болно. Сонголт байгаа. Өдөрт дөрвөн цагийн хичээл ордог. Онолын хичээл үндсэндээ дуусч, дадлага тал руу голлох болсон. Симулятор дээр дадлага хийдэг. Багш нар маань ч хичээлээ сайн заадаг.
Налайхын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Сургалтын албаны арга зүйчийн тодотгосноор бол тус төвд төмөр зам барих нарийн мэргэжил эзэмшихээр 125 залуу суралцаж байна. Дийлэнх нь Ахлах бэлтгэх төвийн сонсогч. Тэдэнд есөн багш хичээл ордог бөгөөд одоо ид мэргэшүүлэх сургалтыг явуулж байгаа аж.
Мөн цэргийн алба хаангаа давхар нарийн мэргэжил эзэмшиж байгаа албан хаагчдын олонхи нь ерөнхий боловсролын дунд сургуулиа төгссөн залуус юм байна.
Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тухайд онцлоход байгуулагдаад 60 гаруй жил болжээ. Өнгөрсөн хугацаанд барилгын засал чимэглэл, барилгын цахилгаан, барилгын сантехник, авто машины засварчин, өндөр хүчдэлийн тоноглолын монтёр, хүнд машин механизмын засварчин, хүнд машин механизмын оператор, цахилгаан шугам сүлжээний засварчин, өрмийн машинч, гагнуурчин, цахилгаанчин, тогооч, оёдолчин, метал боловсруулах суурь машины оператор зэрэг мэргэжлээр мэргэжилтэй ажилтныг бэлтгэж иржээ. Аймаг бүрээс суралцагчид ирдэг, жил бүр 400-500 суралцагч шинээр элсдэг байна. Элсэгчид гол төлөв 2.5 жилээр суралцаад төгсдөг. Гол төлөв ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн төгсөгчид байдаг. Суралцах хугацаандаа арванхоёрдугаар ангийн суурь боловсролыг үндсэнд нь давхар заадаг тул шууд их, дээд сургуульд элсэх боломж мөн нээлттэй аж. Ингэж их, дээд сургуульд суралцсан төгсөгч нь ажлын талбарт гарахад бусдаасаа ялгарч байдаг гэдгийг сургалтын төвийн захирал мөн хэлсэн юм.
Түүнчлэн тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь богино хугацааны сургалтаар хүмүүсийг сургадаг байна. Төгсөгчдийн 75 хувь нь ажлын байраар тогтмол хангагддаг. Эзэмшүүлсэн мэргэжлээр нь Монголын өнцөг булан бүрт манай суралцагчид ажиллаж байна гэж сургуулийн захирал төгсөгчдөөрөө бахархлаа.
Харин төмөр замын нарийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэж эхэлж буй нь “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд анхлан сургаж байгаа нь энэ аж.
Ингэхдээ Хөдөлмөрийн яамнаас цэргийн анги, нэгтгэлийн ойролцоох Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд түшиглэн төмөр зам барих нарийн мэргэжлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад хамруулж мэргэшүүлэх бодлого барьж ажиллаж байгааг ийнхүү ажил хэрэг болгож буй сургалт үйлдвэрлэлийн төвийн нэг юм байна.
Суралцагчдын хувьд төмөр зам барихад шаардагдах нарийн мэргэжлийг эзэмшээд зогсохгүй давхар боловсрол эзэмшиж байна.
Г.ХОРОЛ