Туркийн нийслэл Анкара хотноо ням гаригийн орой халдлага гарч, 32 хүн амь үрэгдэн, 100 гаруй хүн гэмтэж шархтсан байна. Туркийн эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр 125 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэний 19-ынх биеийн байдал хүнд байгаа гэнэ. Анкара хотын Кизилая дүүргийн Гувен паркт автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрсэн аж. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас ойролцоо байсан автомашинууд болон нэг автобус шатжээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 18.40 цагт болсон аж. Одоогоор халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа ч Туркийн аюулгүй албаныхан курдын зэвсэгт дайчдыг сэжиглэж байна. Түүнчлэн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “террористууд аюулгүй албаныхны тэмцэлд ялагдаад ирэхээрээ энгийн иргэд эсрэг халдлага үйлдэж байна” хэмээн ярьжээ. Халдлагын дараа Туркийн ерөнхий сайд Ахмед Давутоглу аюулгүй байдлын шуурхай хурал зарлан нөхцөл байдлыг хэлсэн байна.
Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард Анкара хотноо автозамын гэрлэн дохио хүлээн зогсож байсан цэргийн автобусны дэргэд тэсрэх бөмбөг дэлбэрснээс 28 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Уг халдлагын хариуцлагыг “Курдын эрх чөлөөний харцага” гэх зэвсэгт бүлэглэл хүлээсэн аж. Үүний зэрэгцээ өнгөрсөн аравдугаар сард Анкара хотноо курдын энх тайвны жагсаалын үеэр хоёр амиа золиослогч халдлага үйлдэж 100 гаруй хүн амь үрэгдэж байв.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС