УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр уламжлал ёсоор Батлан хамгаалах бодлогын баримт бичгийнхээ талаар цэрэг эрсдээ танилцууллаа. УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Батлан хамгаалах бодлогын үндэс” бодлогын баримт бичиг шинэчлэгдэн батлагдсан билээ. Энэхүү бодлогын баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэл, түүний онцлог, Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон холбогдох ажлын хэсгийнхэн Зэвсэгт хүчний ангиуд, салбарын харъяа нэгж байгууллагын алба хаагчдад танилцуулж байгаа юм. Энэ удаа Налайх дүүрэг Зэвсэгт хүчний ангийн алба хаагчдад бодлогын баримт бичгийнхээ талаар танилцуулахын сацуу батлан хамгаалах салбар дахь эрх зүйн орчин, бүтээн байгуулалт, гадаад хамтын ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар онцлон ярьж байв. Түүнийг ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав нар дагалдан ажилласан юм. Цэргийн алба хаагчидтай уулзсаны дараагаар тэрээр эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл дүүрэн байгаа Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн нэр бүхий алба хаагчдад албан тушаалын байрны түлхүүрийг гардуулан өгсөн юм. Өөрийн хувийн орон сууцгүй, түрээсийн байранд олон жил амьдарч байгаа ч Зэвсэгт хүчинд олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа цэргийн алба хаагчид салбарын сайдаасаа байрны түлхүүрээ гардан авлаа.