Н.Энхбаярын хоёр ”таяг” хоорондоо зодолдоно гэж үү

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын хоёр ”таяг” хоорондоо зодолдоно гэж үү

Н.ЭНХБАЯРЫН ХОЁР “ТАЯГ” ХООРОНДОО ЗОДОЛДОНО ГЭЖ ҮҮ

Хорвоод бүртгэлгүй хоосон намын түр штабыг “зохицуулах” гэж хамаг цаг заваа барсан С.Молор-Эрдэнэ түр зуурын нөхдөөсөө зайгаа аваад удсан ч тэдэнтэй холбоотой шүүх хуралд оролцохоор болов. Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд Н.Энхбаярын эрт, эдүгээгийн “дүү нар” болох У.Хүрэлсүх, С.Молор-Эрдэнэ нарыг харах нь сонирхолтой дүр зураг биш гэж үү.  Яагаад ч юм бэ, Н.Энхбаярын намын нэрээс болж энэ хоёр залуу шүүхийн танхимд суух болж буй нь болох л ёстой зүйл болж байгаа мэт нэг л гайхалтай биш санагдаад байх юм. Яаж ч бодсон Н.Энхбаярын хоёр “таяг” хоорондоо зодолдоно гэж үү дээ. Харин ч ашиглуулсныхаа төлөө үг­сэн хуйвалдаж байгаад экс Ерөн­хийлөгчийг “хөлгүй” бол­гохыг хүсмээр юм.

“Н.Энхбаяртай ойртсон бүхэн шүүхийн хаалга татдаг юм даа. Хайран залууг бал­лачихлаа” гэж халаглах хүн байхад “Угаасаа Ардын намын тагнуул байсан” гэж хардах хүн цөөнгүй таарав. Ямар ч байсан “Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө” гэгчээр Н.Энхбаярыг “будаа болтол” муулчихаад явсныг бодоход тийм ч таатай санагдахгүй л байгаа юм.

“Цаг хугацаа бат бөх бүхнийг хүлцэн үлдээнэ. Хэврэг бүхнийг үнсэн товрого болгоно” хэмээн Францын зохиолч Анатоль Франс хэлсэн байдаг. Н.Энхбаярын тоосон С.Молор-Эрдэнэ хэн болохоо харууллаа. Ямар харь гарагаас ирсэн гийчинг хүчээр аваачаад Н.Энхбаярын өвөрт хийчихсэн биш. “Үгсэж тохироод, үзэл бодлоороо нийллээ” гээд хашгираад байгаагүй билүү. Сод ухаантны имиж бүрдүүлсэн С.Молор-Эрдэнэ гэж хэн юм бэ. “Сайн мөртлөө саар хүн гэж байдаггүй. Харин ухаантай хэрнээ тэнэг хүн гэж байдаг” гэдэг тодорхойлолт энэ цаг мөчид түүнд таарах болов уу. Эсвэл гэнэдсэн хүний дүр эсгэж, хүчтэй эргүүлэгт хөлөө дүрчихээд буцаж гарах гэж сарвалзахдаа Н.Энхбаярыг чирж байна. Энэ тун онцгүй чанар шүү.

Энд зөвхөн Н.Энхбаярын намыг муучлах гэсэнгүй. Яагаад өнөөдрийг хүртэл МАХН товчлол, хэрэглэхээ больсон туг, далбааг харамлаад байгаа нь сонирхолтой. Тэр ч байтугай Үндсэн хуулийн Цэцэд хүртлээ хуралдаж, шүүхдэхдээ тулаад байгааг нь “Айдас хургасных” гэж хэлэхээс өөр арга алга.  Хэрэв “Айдас бүхэн өөрийн үнэртэй” хэмээн Эрнест Хэмингуэйн хэлсэн үнэн бол Ардын намын энэ айдсаас ямархан үнэр ханхалж байна вэ. Энэ тохиолдолд айлгаад байгаа Н.Энхбаярыг буруутгах ч хаашаа юм бэ. Н.Энхбаяр “автомат тоглоом”-оор тоглох дуртай улстөрчдийг ажиглаж байгаад тэрхүү  “автомат тоглоом”-ыг нь худалдаж авахыг дээрд үзсэн байна.  Мулгуу биш байгаа биз дээ. Ардын намынхан нэгэн цагт шүтэж, сөгдөж явсан Н.Энхбаяр даргаа ийм тоглоомд нэг улайрахаараа яадгийг гадарлана.

Н.Энхбаярт намын нэрийг нь өгчихлөө гэж бодъё. Сонгуулийн тогтолцоог ямар ч хувилбараар баталсан Н.Энхбаяр намаасаа гарч ирнэ. Гарч ирсэн л бол сонгуульд ялалт байгуулаад УИХ-д орж ирж чадна. Шархаа гурав долоогоод эдгэсэн, эрч хүчээр дүүрэн тэр “чоно”-той тулах амаргүй нь мэдээж. Шүүх хурлын шийдвэр яаж ч гарлаа гэсэн МАХН-ын түр штабын зохицуулагч байсан С.Молор-Эрдэнийг яалтай билээ. МАХН гэдэг нам байхгүй. Нам байгаагүй болохоор “Түр штаб, түүний зохицуулагч” гэж байх уу. Эсвээс иргэн С.Молор-Эрдэнэтэй хариуцлага тооцоод Н.Энхбаяр гэмгүй үлдэх үү. Энэ ч бүр нохой бөөсний тухай онигоо шиг юм боллоо л доо.  Эцсийн дүндээ хувь тавилангийн шоглоомоор их улс төрөөс зэрлэг шарх олсон Н.Энхбаяр С.Молор-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр­той дайсагнаж үлдэх. Харин өнөө хоёрын хэн нь ч Н.Энхбаярт “хайргүй”. Энэ тохиолдолд Н.Энхбаяр бага ч атугай зовж, шаналж суугаа. Гэвч энэ шаналал нь их үйл хийхийн өмнөх сэрэл ч байж болох юм. Н.Энхбаярт ч тэр хоёрын хэн нь шүүхийн өмнө ялалт байгуулах нь сонин биш. Хэн, хэнийг нь ашигладгаа ашиглаад хаячихсан. Дахин зууралдах шаардлагагүй.

 Мэдээж түүнд өнөөдөр урьдынх шигээ бүхнийг мөнгөөр зодож өөрийн болгох тэнхэл алга. Гэхдээ “Хүн хэзээ ч анх төрж байснаасаа ядуу байдаггүй” гэгчээр бусдад биш өөрийнхөө төлөө зарцуулах хэмжээний юм байлгүй яах вэ. Хэдийгээр хуулийнхан, бизнесийнхэн түүний үгэнд орохгүй, түүнд гар сунгах боломжгүй нөхцөл байдалд байгаа ч Н.Энхбаяр ганцаардах тавилантай хүн биш. Мөнгөгүй ч байсан буянтны дүр эсгэсэн тэр шар царайнд хүмүүс итгэдэг билээ.

Тэгэхээр Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, философич С.Молор-Эрдэнэ хоёр шал дэмий юмны төлөө цагаа гарздаж, шүүхийн танхимд болзсон ч юм билүү, хэн мэдлээ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж