“Рио Тинто” “Айвенхоу” дахь эзэмшлээ 4.5 хувиар тэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” “Айвенхоу” дахь эзэмшлээ 4.5 хувиар тэллээ

    Англид төвтэй “Рио Тинто” компани өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд     “Айвенхоу Майнз” компанитай “стратегийн” гэрээ байгуулсан билээ. Гэрээний дагуу “Рио Тинто” “Оюутолгой” төслийн удирдлагыг авахаас гадна 2012 оны нэгдүгээр сараас өмнө тус компани дахь үлдсэн уоррантыг /warrant буюу ирээдүйд тодорхой үнээр тухайн компанийн хувьцааг худалдаж авах эрх бүхий үнэт цаас/ хувьцаанд шилжүүлэх нөхцөлийг давхар тусгасан байсан юм. Энэ эрхийн хүрээнд өчигдөр “Рио Тинто” компани “Айвенхоу”-гаас урьд нь “бэлгэнд авч байсан” хоёр бүлэг уоррантуудаа хувьцаанд шилжүүлж гүйцээхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ. Эдгээр уоррантыг “Рио Тинто”-д олгох нөхцөлийг 2006, 2007 онд хоёр компанийн хооронд хийсэн санхүүгийн гэрээнд тусгаж байжээ. Гэрээний дагуу “Рио Тинто” “Айвенхоу”-гийн 55.1 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 9.10 ам.долларын үнэлгээтэйгээр худалдаж авах эрх бүхий уоррантын эзэн болсон юм. 

    Өчигдөр мөн хамтрагч тал болох “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн дарга Роберт Фридланд “Рио Тинто”-гийн уоррантын шилжүүлгийн дүнд нийтдээ 502 сая ам.долларыг тус компаниас хүлээн авснаа мэдэгджээ. Уг хөрөнгийг бүхэлд нь “Оюутолгой”-н зэс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах юм байна. “Рио Тинто” ийнхүү “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Айвенхоу Майнз” компани дахь эзэмшлийн хувиа 4.5 хувиар нэмэгдүүлж, 46.5 хувьд хүргэлээ. Түүнчлэн “Рио Тинто” эзэмшлийн хувиа ихэсгэснээр “Айвенхоу”-гийн 14 хүний бүрэлдэхүүнтэй Захирлуудын зөвлөлд төлөөллийнхөө тоог нэгээр нэмэгдүүлж долоо болгох эрхтэй болж байна.
    Гэхдээ “Рио Тинто”-гийн эзэмшил дахин тэлэх нь тодорхой. Учир нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд хоёр талын үзэглэсэн гэрээний дагуу “Рио Тинто” ирэх оны нэгдүгээр сараас өмнө “Айвенхоу” дахь эзэмшлийн хувиа 49 хувьд хүргэх боломжтой болсон юм.
   “Оюутолгой” төслийг удирдаж буй “Рио Тинто” компанийн үзэж буйгаар төслийн үйлдвэрлэлийн хэмжээ Монгол улсын ДНБ-ий 30 гаруй хувийг эзлэх боломжтой ажээ. Мөн тус компанийн зэс баяжуулах үйлдвэрийн бүтээмж жилд 450 мянган тонн байх юм.


Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж