Өчигдөр мөн хамтрагч тал болох “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн дарга Роберт Фридланд “Рио Тинто”-гийн уоррантын шилжүүлгийн дүнд нийтдээ 502 сая ам.долларыг тус компаниас хүлээн авснаа мэдэгджээ. Уг хөрөнгийг бүхэлд нь “Оюутолгой”-н зэс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах юм байна. “Рио Тинто” ийнхүү “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Айвенхоу Майнз” компани дахь эзэмшлийн хувиа 4.5 хувиар нэмэгдүүлж, 46.5 хувьд хүргэлээ. Түүнчлэн “Рио Тинто” эзэмшлийн хувиа ихэсгэснээр “Айвенхоу”-гийн 14 хүний бүрэлдэхүүнтэй Захирлуудын зөвлөлд төлөөллийнхөө тоог нэгээр нэмэгдүүлж долоо болгох эрхтэй болж байна.
Гэхдээ “Рио Тинто”-гийн эзэмшил дахин тэлэх нь тодорхой. Учир нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд хоёр талын үзэглэсэн гэрээний дагуу “Рио Тинто” ирэх оны нэгдүгээр сараас өмнө “Айвенхоу” дахь эзэмшлийн хувиа 49 хувьд хүргэх боломжтой болсон юм.
“Оюутолгой” төслийг удирдаж буй “Рио Тинто” компанийн үзэж буйгаар төслийн үйлдвэрлэлийн хэмжээ Монгол улсын ДНБ-ий 30 гаруй хувийг эзлэх боломжтой ажээ. Мөн тус компанийн зэс баяжуулах үйлдвэрийн бүтээмж жилд 450 мянган тонн байх юм.
Б.Төгс