Нэгдүгээр сард багтаан шийдвэрлэсэн ажил:
-УИХ-ын чуулган хуралдаж санал авах өдрийг 2016 оны зургаадугаар сарын 29-нд байхаар тогтоосон. Энэ өдөр лхагва гаригт тохиож байгаа учраас амралтын өдөр болгох аж.
-Сонгуулийн тойрог байгуулж мандат тогтоохдоо 2012 оны УИХ-ын сонгуулийн мандатыг хэвээр үлдээхээр шийдсэн.
Хоёрдугаар сард багтаан шийдвэрлэх ажил:
-Сум дүүрэгт сонгуулийн хэсэг байгуулах ёстой гэж Сонгуулийн тухай хуульд заасан учраас сум дүүргийн нутаг дэвсгэрт хэсэг байгуулах ажлыг СЕХ зохион байгуулах аж.
Гуравдугаар сард багтаан шийдвэрлэх ажил:
-Нам эвсэл болон нэр дэвшигчдийн сонгуульд нэр дэвших зардлын дээд хэмжээг тогтоох юм байна. Өмнө нь зардлын дээд хэмжээг СЕХ тогтоож нийтэд зарладаг байсан бол энэ удаад Үндэсний аудитын газар тогтоох юм байна.
-Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байрлуулах ажил хийгдэнэ. Мөн зурагт болон ухуулах хуудас байршуулах байршлыг тогтоох ажлыг сум дүүргийн ИХТ хийнэ.
Дөрөвдүгээр сард багтаан шийдвэрлэх ажил:
-Аймаг нийслэлийн сонгуулийн хороог СЕХ байгуулна. Энэхүү байгуулагдсан хороо нь тухайн сум дүүргийнхээ сонгуулийн хороог байгуулахаар хуульд заасан байна.
-Гадаадад байгаа иргэдийн саналыг авах сонгуулийн хороо, комисс байгуулагдана.
Тавдугаар сард багтаан шийдвэрлэх ажил:
-Нам эвслээс УИХ-ын гишүүнд нэр дэвших ажил тавдугаар сарын 5-9 хооронд болно. Бие дааж нэр дэвших ажил тавдугаар сарын 5-11 хооронд явагдана. Энэ үеэр аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших ажил давхар явагдана.
Тавдугаар сарын 20-ноос хойш шийдвэрлэх ажил:
-Бие даан нэр дэвшигчид болон нам эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа явагдана. Бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ гаргана. Аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших эсэхийг тухайн аймаг дүүргийн Сонгуулийн хороо гаргах аж.
Зургаадугаар сард багтаан шийдвэрлэх ажил:
Нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна.
Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.
Т.НЯМ