Хуучирсан мэдээ: 2016.03.12-нд нийтлэгдсэн

Далай лам үг хэлэв

 

Дээрхийн гэгээн XIV Далай лам баасан гаригт Женевт болсон Хүний эрхийн чуулганд оролцжээ. Харин Хятад улс гадаадын дипломатуудыг тус арга хэмжээнд оролцохгүй байхыг ятгасан гэнэ.

 

НҮБ-д суугаа Хятадын төлөөлөгч Төвдийн оюун санааны удирдагчийн оролцсон чуулганд очихгүй байхыг уриалж оролцогчдод захидал илгээсэн байна. АНУ болон Канадын хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд гадаадын дипломат ажилтнууд, Нобелийн энхтайвны шагналтнууд болон ивээн тэтгэгчид очжээ.

 

Женев дэх НҮБ-ын гаднах гурван хөлт, асар том сандлын дэргэд Далай ламыг дэмжигч хэдэн зуун хүн цугларсан бөгөөд тэдний зарим нь Түвдийн далбааг барьсан байжээ.

 

НҮБ-ын төлөөлөгч гадаадын дипломатчидад бичсэн захидалдаа "Далай ламыг шашны башир аргаар Хятадыг хуваан бутаргах ажиллагаанд оролцож ирсэн” хэмээгээд НҮБ-ын бүх гишүүн орнууд, байгууллагууд, тусгай агентлагийн төлөөлөгчдийг чуулганд оролцохгүй байхыг эелдгээр хүсчээ.

 

Хүний эрхийн чуулганд хэлсэн үгэндээ Далай лам "Бид Хятадыг хагалан бутаргах санаа өвөрлөөгүй” гэсэн юм. Гэхдээ Далай лам Хятадын тоталитари систем болон хатуу чиг шугамын талаар ярьсан байна. Далай лам мөн Хятад улсад ирэх жилийн Коммунист намын 19-р хурлын үеэр өөрчлөлтийн салхи үлээж магадгүй гэж сонссоноо ярьсан байна.

 

Чуулганы дараа Далай лам зэвсэгтэй цагдаа нараар харгалзуулан гарч явсан бөгөөд түүнийг хүлээж байсан Түвдийн тэмцэгч, дэмжигчидтэй гар барьж мэндэлжээ.

 

Женевт болсон Хүний эрхийн чуулганд АНУ болон барууны 11 орны төлөөлөгчид Хятад дах хүний эрхийн түгшээсэн асуудал, ялангуяа хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг барьж хорьсон хэргийг авч хэлэлцэж, хурцаар шүүмжилсэн юм.

 

Харин үүний хариуд НҮБ-д суугаа Хятадын төлөөлөгч АНУ-ыг хүний эрхийн асуудалд хоёр нүүр гаргадаг хэмээн буруутгаж, бараг өдөр болгон гардаг зэвсэгт халдлага болон арьс өнгөөр ялгаварлах гадуурхах үзлийг үгүй хийж чадаагүй гэсэн байна. Түүнчлэн Гуантанамо шоронд явуулж буй аймшигт хүчирхийлэл, эрүү шүүлтэд АНУ-ыг буруутгасан юм.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж