Хуучирсан мэдээ: 2016.03.12-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн баасан гаригт өөрийн бие даасан “Цэцгэн зүйрлэл” үзэсгэлэнгээ нээсэн өнгөний зохиомж, дүрийг чадварлагаар хослуулж чаддаг, монгол орны уудам хээр тал, үзэсгэлэнт сайхан байгаль, тэдгээрийн гоёмсог өнгө төрхөөр дүрсэлж, үзэгч түмнийхээ эх орноороо бахархах бахархал, нутаг усаа хайрлах сэтгэлийг нь улам бүр асаан бадраахыг ямагт эрмэлздэг МУЭ-ийн гишүүн, ИЗОУИС-ийн багш, зураач Л.Даваанямтай ярилцлаа.

-Танд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасанд юуны өмнө баяр хүргэе. Зөвхөн хавар л мэдрэхийг хүсдэг мэдрэмж гэвэл та юуг хэлэх вэ?

-Баярлалаа. Хавар гэдэг зүйлд бүх юм шинэ юм шиг санагддаг. Үр төл, мал, цэцэг, навч гэх мэт зүйлс бүгд дэлбээлж өнгө засахад хаврын улирлыг хамгийн гоё улирал гэж боддог.

-Хэрвээ танд хаврыг илэрхийлэх үзэсгэлэн гаргах сэдэл төрвөл бусдад ямар мэдрэмжийг өгөхийг хүсэх байсан бэ?

-Хаврыг мэдрүүлэх мэдрэмж гэвэл түрүүн хэлсэнчлэн бүх юмыг шинэлэг байлгахыг л хүснэ. Жишээ нь, хүмүүс хаврын улирлыг шавар шавхай, хүйтнээр төсөөлдөг шүү дээ. Гэвч үнэндээ намрын улирлыг гандаж яваа цаг гэдэг бол хаврын улирал ирж яваа цагаас гадна бусад улирлуудаас хамгийн шинэлэг нь

-Танд уран зургаас өөр бүтээл хийх бодол байдаг уу?

-Надад барималд хүч үзэх бодол бий. Мөн би дуулах их дуртай. Дуулахаас гадна шүлэг унших, аливаа юманд хөтлөгч хийх дуртай.

– Танд гадаадын уран бүтээлчдээс хамгийн их үзэх дуртай ямар зураач байдаг вэ?

-Гадаадын сонгодог уран бүтээлчдийн дундаас Пингшинг зураачийн зурагт дуртай. Пингшинг бол өөрөө хөрөг зургийн мастер шүү дээ.

– Таны бодлоор Монголчууд болон та уран зургаар дэлхийн салбарт хэдэн жилийн дараа анхаарлын төвд байж чадах хэмжээний чадвартай болно гэж төсөөлдөг вэ?

-Урлаг бол тэртээ тэргүй цаг хугацааны урсгал булаг. Тийм учраас би нэр алдар гэхээсээ илүү энэ яваа насандаа ганцхан чанартай бүтээл үлдээчихвэл энэ нь хэдэн зуун жилийн дараа Эдвард Мункийн “Орилоон” зураг шиг дурсагдах тийм хэмжээний зүйлс хийх хэрэгтэй гэж боддог. Тэрнээс бол миний хувьд нэр алдарт гараад Давааням гэх хүн зургаа хэдэн сая төгрөгөөр зарлаа гэх нь гол нь биш.

– Та өөрийн бүтээлийг голдуу ямар өнгөөр урлах сонирхолтой вэ?

-Зураач хүн бол тухайн цаг үе, нийгэмд өөрийн хүссэн өнгийг хүртээж чаддаг байх ёстой байх. Жишээ нь: Дулаан өнгөөр зурдаг гэхээсээ илүү тухайн өдрөөсөө л зурах өнгө нь ялгарч мэдрэгддэг. Ямар өдрөөс шалтгаалаад өнгө бүрэлддэг гэх үү дээ.

– Та өөрийгөө ямар зүйл дээр хамгийн их мэдрэмтгий гэж боддог вэ?

-Заримдаа юмыг би хөнгөнөөр харж, хөнгөн хөдлөөд түүн дээр алдчихаад байдаг. Аливаа зүйл дээр хүмүүс тоглоомоор хэлсэн үг нь миний зүрхэнд хатгаж буй мэт нөлөөлдөг. Тиймээс өөрийгөө аль болох засаж авах юмсан, алдаан дээрээ л их суралцдаг.

– Та өөрийнхөө ямар шинж чанар, өнгө аясыг бусдаас давтагдашгүй байж чаддаг гэж боддог вэ?

-Цайлган сэтгэлтэй. Би өчнөөн олон шавь нарыгаа загнадаг. Мөн ханыгаа гомдоодог. Дараа нь би аливаа хүнийг гомдоож эмзэглүүлэхгүй юмсан гэж уучлалт гуйдаг. Ер нь уучлалт гуйхаасаа өмнө би ямар алдаа гаргасан бэ гэдгээ бодож уучлалт гуйдаг.

– Та шүүмжлэлийг хэр зэрэг хүлээж авдаг вэ?

-Шүүмжлэлийг хаана ч хүлээж авна. Ямар ч хүн намайг “Чам шиг юмыг ёстой мэдэхгүй юм байна” гэж хэлсэн ч шүүмжлэлийг хүлээж авна. Шүүмжлэлийг хүлээж авдаг хүн бол өөрийгөө олсон байна гэсэн үг л дээ.

Цаг агаар таны сэтгэл санаанд хэр нөлөөлдөг вэ? Ер нь ямар өдөр таныг зураг зурахад илүү өндөр бүтээмжтэй байж чаддаг вэ?

-Бороотой өдөр зураг зурах шиг сайхан юм байхгүй. Орчлон дэлхийд гэрэл гэгээг өгдөг, ус төлжүүлдэг ийм сайхан зүйл бол том сэдэл гэж боддог. Жишээ нь, Нэг хүн шаналж явахад бороо шиг асгартал уйлахад ямар сайхан сэтгэл онгойдог билээ дээ. Яг л тэр шиг бүх зүйлийн үүд хаалга онгойгдохтой адил.

Бидний амьдарч буй энэ цаг үе бол техник технологийн цаг үе. Харин та 10-20   жилийн дараах өөрийнхөө бүтээлийг техник технологийн цаг үетэй яаж хосолж, өөрчлөгдөөсэй гэж төсөөлдөг вэ?

 -Тухайн цаг үед техник технологийн чадвараас дутахгүй л юмаа хийнэ. Би техник технологийг маш их дэмждэг ч, тухайн зүйл нь хүмүүсийг маш их залхуу болгодог. Хэчнээн техник технологи хөгжсөн ч гэсэн компьютер зураг зурна гэвэл би санал нийлэхгүй. Хэчнээн технологи хөгжсөн ч гэсэн би зургаа зурсаар л байх болно

Я.ТӨМӨР-ОЧИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж