Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргааны газрын Сингапур дахь Монголын хөлөг онгоцны бүртгэл компанийнхан олон жил яригдсан асуудлаа саяхан ажил хэрэг болгожээ.
Энэ талаар Зам, тээврийн сайд М.Зоригтоос тодрууллаа.
-Өнгөрөгч хоёрдугаар сарын 19-21-нд хөлөг онгоцны далбаан эзэн улсын үзлэг шалгалтыг анх удаа Монголын хяналтын байцаагч хийсэн юм байна. Энэ талаар тодруулбал,
-Сингапур дахь Монголын хөлөг онгоцны бүртгэл компани энэ оноос шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүсээр нь уг ажлыг хийлгэж байгаа. Үүний үр дүнд Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцонд далбааны эзэн улсын хяналт шалгалтыг анх удаа монгол далайчин хийлээ. “Айдемир” нэртэй тус хөлөг онгоц нь ОХУ-ын Новороссийск болон БНТУ-ын “Самсун” далайн боомтын хооронд тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. Далбааны эзэн улсын хяналт шалгалтаар хөлөг онгоцны үйл ажиллагаатай холбоотой онц ноцтой зөрчил илрээгүй, цөөн тооны жижиг зөрчлүүд илэрснийг газар дээр нь арилгуулсан байна. Үзлэгийг ОХУ-ын Невелскийн нэрэмжит Далайн их сургуулийг ахмадын 3-р зэрэгтэй төгссөн, Монгол Улсын хөлөг онгоцны анхны ахмад С.Түвшинтөр гэдэг залуу хийсэн.
-Цаашид монгол мэргэжилтэн хөлөг онгоцны хяналт шалгалтаа тогтмол хийгээд явах уу?
-Монгол мэргэжилтэн өөрийн улсын далбаан дор үйл ажиллагаа явуулдаг хөлөг онгоцонд хяналт шалгалт хийдэг болсноор Монгол Улс өөрийн далбаан дор бүртгэсэн хөлөг онгоцуудаа тогтмол хянах, шаардлагатай үед хөлөг онгоц руу шууд холбогдох, сүүлийн нэг сарын аяллын тэмдэглэлийг нь татаж үзэх эрхтэй болж байна гэсэн үг. Ингэснээр Монголын далбаан дор гадаад далайд ачаа тээвэрлэж яваа хөлөг онгоцуудын гэрчилгээний болон техникийн зөрчил багасч, гадаад далай дахь Монголын нэр хүнд өсөх юм. Бид өөрсдөө үзлэг шалгалтаа хийдэг болж байгаа нь маш том дэвшил. Энэ онд болох Дэлхийн далайн байгууллагуудын шалгалтын өмнөх том амжилт, шалгуур болж байгаа юм. Нэмж хэлэхэд энэ ажлын хүрээнд Монгол Улс өөрийн үндэсний мэдээллийн баазтай болно. Энэ мэдээллийн бааз нь Дэлхийн далайн байгууллагын шаардлагын дагуу далбааны эзэн улсад зайлшгүй байх ёстой шалгуур.
-Монгол Улс өөрийн бүртгэлд байгаа хөлөг онгоцыг өөрсдөө хяналт шалгалтыг хийдэг болсны ач холбогдол, үр дүн нь юу вэ?
-Дээрх үзлэг шалгалтыг гадны байгууллагаар биш өөрсдөө хийдэг болсноор хяналт шалгалтын системтэй болох суурь тавигдаж, зөрчил саатуулагдлын тоо буурч, олон улсын далайн салбарт Монгол Улсын нэр хүнд дээшилж, цаашилбал, үндэсний хяналтын байцаагчтай мэргэжлийн багтай болох эхлэл тавигдаж байна. Түүнчлэн дэлхийн далайн салбарын томоохон компаниудтай хамтран ажиллахад нэлээд дөхөм болох юм.
-Сингапур дахь Монголын хөлөг онгоцны бүртгэл компанид өнөөдрийн байдлаар хэчнээн хөлөг онгоц бүртгэлтэй байгаа вэ?
-Сингапур дахь Монголын хөлөг онгоцны бүртгэл компани 2003 онд байгуулагдсан. Одоогоор гадаад далайд хөвж яваа 543 онгоц бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дэлхийн далайн байгууллагын гишүүн байгууллага юм.
Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ
Холбоотой мэдээ