Өмнөд Хятадын тэнгисийн орчимд эргүүл хийхийн тулд Филиппин улс Японоос цэргийн онгоц түрээслэхээр болжээ. Филиппин Японоос таван ширхэг “TC-90” цэргийн онгоц түрээслэх болсон аж. Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн цэргийн үйл ажиллагаа идэвхэжсэн нь Азийн хөрш орнуудын санааг түгшээж байна.
Филиппин нь сүүлийн жилүүдэд Бээжинтэй газар нутгийн маргаантай бүсэд илүүтэй анхаарал хандуулах болсноор батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэх болжээ. Филиппин нь нисэх хүчин болон тэнгисийн цэргийн зэвсэг техникийг шинэчлэн сайжруулахад зориулан ирэх 83 тэрбум песог /1.77 тэрбум ам.доллар орчим/ төсөвлөсөн аж.
Үүний зэрэгцээ АНУ болон Өмнөд Солонгос зэрэг холбоотнууд Филиппиний нисэх хүчний чадамжийг нэмэгдүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ. Тухайлбал, Филиппин энэ онд АНУ-аас хоёр ширхэг “C130” тээврийн онгоц авахаар болсон байна. Харин Өмнөд Солонгосоос энэ онд хоёр, ирэх 2017 онд 10 ширхэг байлдааны онгоц авахаар төлөвлөжээ.
Ийнхүү Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанаас үүдэн Азийн орнууд зэвсэглэлээр хөөцөлдөх нь нэмэгдсэн байна. Үүнд АНУ болон түүний холбоотнууд Хятадыг, эсрэгээрээ Бээжин тэднийг буруутгаж байна.
Жилд таван их наяд ам.долларын тээвэр дамжин өнгөрдөг Өмнөд Хятадын тэнгис дэх усан зам болон газрын тос, байгалийн хийн нөөцтэй бүлэг арлуудыг бүхэлд нь Бээжин өөрийнх хэмээн зарласан юм. Үүнээс үүдэн Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам зэрэг улсаад Хятадтай газар нутгийн маргаан үүсгэжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS