Төмөр замын ажлын хөлсөө өгөхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Төмөр замын ажлын хөлсөө өгөхийг шаардлаа

“Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Сүрэнхорлоо болон “Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын ажилтан СЛхагвадорж “Транском” ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Ян зэрэг хүмүүс яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна. Тэд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас санхүүгийн хүндрэл, зарим компани дампуурлаа зарлахдаа тулаад байгааг онцоллоо. БНСУ-ын “Самсунг СТ” компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая ам долларын санхүүжилт 100 хувь олгогдсон байна. Чингис бондын 200 сая ам.доллараас санхүүжилт өгч БНСУ-ын компанийн дансанд хэдийн орсон гэдгийг Ч.Сүрэнхорлоо хэллээ. Гэтэл өнөөдрийг хүртэл туслан гүйцэтгэгч нар мөнгөө авч чадахгүй байгаа аж.

Үүнээс болоод зарим компани авсан зээлээ, цалингаа тавьж чадалгүй дампуурахад хүрч, амиа хорлохыг завдах хүртэл байдал дордсон юм. 

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд концессын гэрээний дагуу шалгараад байсан “Энержи ресурс рейл” ХХК-ийн эрхийг цуцлан, эрх шилжүүлэх гэрээ гэгчийг байгууланМонголын төмөр зам” ТӨХК, БНСУ-ын “Samsung CT” компани энэхүү ажилд шалгарсан байдаг. Улмаар“Эсто” ХХК, “Нутгийн буян” ХХК, “Бидний зам” ХХК, “Транском” ХХК зэрэг үндэсний 13 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, нийтдээ 11.7 сая метр куб ул шорооны ажлыг 137.2 тэрбум төгрөг буюу 70 сая ам доллароор хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг юм. Гэтэл үндэсний 13 компанитай нэгж метр куб ул шорооны ажлыг 8500 төгрөг буюу 5 ам доллараар хийж гүйцэтгэхээр гэрээлсэн “Samsung C&T” компани “Монголын төмөр зам” ТӨХК-тай нэг метр куб ул шорооны ажлыг 9.9 ам.доллараар тооцон гэрээ байгуулжээ. Зөвхөн гэрээний үнийн дүнгийн зөрүүнээс хамаарах 4.9 ам доллараас БНСУ-ын “Самсунг СТ” компанид 57.3 сая ам долларын цэвэр ашиг оржээ. Үүнийг шударга нийгэмд бол ашиг биш “Гэрээний залилан” гэж нэрэлдэг аж. Нэмж дурдахад “Samsung C&T” компани ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний дагуу тухайн ажлын менежментийн зардалд 30 сая ам доллар, ашиг орлого 56 сая ам долларыг урьдчилсан авсны үндсэн дээр ул шорооны ажлаа эхлүүлжээ.

Бид энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж