
Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу Баянзүрхийн товчооны орчимд 38 айлын орон сууц барихаар болсон байна. Хөтөлбөрт бага дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчид хамрагдах боломжтой юм. Уг төслийг Дэлхийн зөн олон улсын байгууллага санхүүжүүлж Монгол Хабитат хүмүүнлэгийн байгууллага гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд энгийн чанартай боломжит өртөгтэй байшингаар гэр орон шаардлагатай 38 өрхийг хангах бөгөөд нэг байшингийн өртөг 5 сая төгрөгт багтаж байгаа юм. Барилгын ажил 2010 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж 2010 оны есдүгээр сарын 30 гэхэд иргэдийг орон сууцанд нь оруулахаар төлөвлөж байгаа юм.
Амины орон сууц ашиглалтанд ороход өрх бүртэй моргэйжийн гэрээ байгуулан удаан хугацааны зээлэнд хамруулж байгаагаараа онцлогтой юм.
Төсөлд дүүргийн 8, 10, 12, 23-р хорооны иргэдийг хамруулж байгаа бөгөөд өрх бүрт Дэлхийн Зөн ОУБ-аас 2.320.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгох юм. Иргэдийг гүний цэвэр усны худагаар усаар хангана.
Төсөлд хамрагдсан иргэдийг тодорхой шалгуураар сонгох юм. Тэдгээр иргэд сард 250000-300000 төгрөгийн тогтмол орлогтой, моргейжийн зээлийн 20 хувийг урьдчилгааг төлөх боломжтой байх шаардлагыг тавьж байгаа юм байна.
Л.ТӨГС