Японы үндэсний цагдаагийн агентлагийн 2008 оноос хойш сар бүр гаргаж буй судалгаа өнгөрсөн тавдугаар сарын үзүүлэлт амиа хорлох хэрэг эрс нэмэгдсэнийг харуулсан байна.
Тус улсын эрүүл мэндийн яамны 2004-2008 оны судалгаа Япончуудын амиа хорлолтын гол шалтгаан нь санхүүгийн хямрал, дампуурал байсныг харуулжээ.
Японы Засгийн газрын эдийн засаг, нийгмийн судалгааны институт амиа хорлолтын цаад шалтгааныг тогтоох анализыг үргэлжлүүлж байгаа юм байна.
Амиа хорлолтоос сэрэмжлүүлэх зорилготой “Lifelink” төрийн бус байгууллагын тэргүүн Ясуюки Шимизу “Амиа хорлолтын хэрэг эрс нэмэгдэж байгаа нь яаралтай арга хэмжээ авахыг сануулж байна. Амиа хорлоход хүргэж буй цаад бодит шалтгааныг олж сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Токио хотын Сэтгэхүйн эрүүл мэндийн төвд сүүлийн гурван сарын хугацаанд амиа хорлосон хэргийн 2,997 дуудлага ирсэн байна. Сэтгэхүйн төвд хандаж буй амиа хорлохоор шийдсэн Япончуудын дийлэнх нь “Амьдрах ямар ч утга алга. Газар хөдлөлтийн дараа амьд үлдсэндээ харамсч байна” гэж ярьдаг гэнэ.