Хүчтэй нь дийлж нөлөөгөө тогтоох ёс хэлэнд хүртэл байх юм. Их Монгол улсын үеийн сэлмийн хүч монгол үгийг ч дэлхийгээр нэг тараасан гэвэл та итгэх үү? Захын жишээг хаяа дэрлэн суух хойд хөрш дээрээ эхлээд дуулгая.
…Хаа холын индианууд оромжийг гэр, хүзүүг хүсүү, салхийг салхи, хатанг катун, анчийг анчу, ордсыг ордос гэнэ. Мөн хэрээ шиг Крээ, ирье шиг Эрие, уухай шиг Ука, ард шиг Арда, арав шиг Аравак, чоно шиг Чонос, хэт цохилуур хэрэглэдэг Хэт гэдэг овогтой. “Чечен”-ий алдартай Жохар Дудаевийн овог ч “цэцэн” гэдэг монгол үгнээс үүсэлтэй. Харин Төвөдөд өөрийнх нь нэртэй ойролцоо Жахар гэдэг монгол овогтон бий. Киргизүүд чөдлөр(чөдөр), көкүр(хөхүүр) мэт 2500 орчим монгол үгтэй гэнэ. Манай Алтан ордны улс төвхнөж байсан Самаркандад “мал”-ыг мол, “таваг”-ийг товаг гэх узбек хэлний үгс бий. Узбекчүүд үгийн сангийнхаа хорин хувийг монгол гаралтай гэж үздэг. Энэ бүхэн хэл шинжлэл, угсаатнызүй, хүн судлал, соёл судлалын үүднээс хөдлөшгүй баримтаар бүрэн батлагдаагүй ч үнэнд нэлээд дөхсөн таамаглалууд юм…
Улс орон нь хүчирхэгжихийн хэрээр уугуул хэл нь чадал зааж, бусдын хэлэнд нэвтэрч, өч төчнөөн үгээ харамгүй өгдгийг эртний энэ үгс харуулж байна. Харин хүчгүйдэж доройдох аваас бусдын үгийг голж шилэлгүй хамж аваад, хаалга үүдэндээ хадаж магадгүйг замын хаягууд гэрчлээд байна уу даа! Ташуураар хамгаалсан эх орноо тархиараа хамгаалах цаг иржээ, монголчууд аа!
“Егөөтэй 99 тайлбар” номын “Эзэнт гүрнээ дагаж эзэн суусан монгол үгс” өгүүллийн хэсгээс