НҮБ-ын нарийн бичгийн дарга дахин сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

НҮБ-ын нарийн бичгийн дарга дахин сонгогдлоо

Нью Йоркт өчигдөр болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар  одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хоёр дахь удаагаа тэргүүнээр сонголоо.

Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд асан Бан Ги Мүнд энэ удаа өрсөлдөгч байсангүй.  Шүүмжлэгчид түүнийг хэтэрхий зөөлөн хүн гэдэг боловч дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, болон Ойрхи Дорнодын хямралыг арилгахад чиглэсэн бодлого нь дэмжлэг авч, дахин сонгогдоход хүргэжээ. Бан Ги Мүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа 2012 оны нэгдүгээр сард эхэлж, 2016 онд дуусах юм байна.

Ерөнхий ассамблейн чуулганаар түүнийг дахин сонгосныг  мэдэгдэхэд тэрбээр элчин, дипломатуудад хүндэтгэл үзүүлж мэхийн ёсолсон байна.

"Олон улсын байдал ээдрээтэй, хүнд байгаа ийм үед хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоохын тулд шинэ, бүтээлч санаа гаргаж НҮБ-ын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, нэр хүндийг өргөж ажиллах чухал үүрэгтэй боллоо” гэж НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхийлөгч Жозеф Дейсс түүнд хэлсэн байна.
 
Бан Ги Мүн албан тушаалдаа дахин сонгогдохоор хоёр долоо хоногийн өмнө нэрээ дэвшүүлж, өөрийгөө дэлхийд өөрчлөлт авчрах “Гүүр баригч” болно гэж мэдэгдэж байсан юм. 1962 онд 18 настайдаа АНУ-ын ерөнхийлөгч агсан Жонн Кеннедитэй уулзсан цагаас хойш дипломатч болохыг мөрөөдөж байсан Бан Ги Мүн хамгийн сүүлд Хятадын тэрс үзэлтэн Нобелийн энх тайвны  шагналт Лю Зяабаог шоронгоос суллахад дорвитой арга хэмжээ авахгүй байна гэсэн хүчтэй шүүмжлэлд өртсөн юм. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж