Хүний хөгжлийн мөнгөнөөс зээл төлөх үү?

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Хүний хөгжлийн мөнгөнөөс зээл төлөх үү?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Санаачлагч гишүүн С.Бямбацогтын танилцуулснаар уг төсөлд иргэдэд сар бүр олгож буй 21 мянган төгрөг, хүний хөгжил сангийн мөнгөөр малчид, өндөр настан,  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн банкны зээлийг хаах талаар тусгажээ. Өнөөдөр хөдөө аж ахуйн салбарт 176 мянган малчин өрх, 640 гаруй мянган малчид байгаа бөгөөд нийт малчин өрхийн 60 мянга нь 60 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй байгаа аж. Малчид 2009, 2010 оны өвлийн зудад малаа ихээр алдсан тул зээлээ төлөхөд бэрхшээл учирчээ. Мөн өндөр настнуудад тэтгэврээс өөр орлого байхгүй тул тэтгэврийн зээлээ төлөхөд хүндрэл гардаг гэж байлаа.  Нийт 214 мянган ахмад настны 166 мянга нь тэтгэврийн зээлтэй юм байна. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ч зээлийн бэрхшээлтэй тулгардаг учраас хүний хөгжлийн сангийн мөнгөөр зээлийг төлүүлж иргэдийг бэрхшээлээс гаргаж банкаа ч эрүүлжүүлье гэж байгаа юм байна.

Энэ үеэр Р.Амаржаргал нарын гишүүд зөвхөн малчид, өндөр настан гэлтгүй цалингийн зээлтэй иргэд олон бий. Нэгэнт ийм хууль гаргах гэж байгаа бол бусад иргэдээ хамруулж болохгүй юү гэж байлаа. Ч.Улаан гишүүн “Банкны зээлийг төр ингэж өөр дээрээ авах гэдэг буруу. Малчид, өндөр настан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид  хүний хөгжил сангаас хүртэх ёстой мөнгөө гар дээрээ аваад зээлээ төлнө үү, хүүхдээ сургана уу. Түүнийгээ  өөрсдөө шийдэх ёстой. “Өнөөдрийн хоолыг нь өгөөд маргаашийн ирээдүйг нь баллах гэж байна уу” гэж “Тунгалаг Тамир” кинонд гардаг шиг гар дээр өгөх ёстой мөнгийг шууд зээлд суутгах нь хэр оновчтой юм бэ” гэсэн байр суурьтай байв.

Хүний хөгжлийн мөнгийг зээлийн төлбөрт ашиглах нь бас тийм ч оносон хувилбар биш бололтой. Тухайлбал, Сангийн сайд С.Баярцогт “Хүний хөгжлийн мөнгөө иргэд өөрсдөө аваад зээлээ төлөх боломж байхад заавал хууль гаргаж Засгийн газар, банкны хооронд харилцаа үүсгэх нь буруу. Бэлэн мөнгийг зээл төлүүлэхээр нэг удаа зэрэг шилжүүлбэл хүндрэл гарна. Улсын төсвийн орлого нэг дор орж ирдэггүй. Монгол Улс улирлын үйлдвэрлэлтэй орон. Зээлийн мөнгийг нэг дор гаргавал төсвийн зардал нэмэгдэнэ. Асуудлыг төсвийн тодотголтой уялдуулах ёстой. Төсөв тодотгоогүй үед хүндрэл гарна” гэж байв. Харин С.Бямбацогт гишүүн иргэдэд өгнө гэж амласан мөнгөө л зээлд шилжүүлэх учир ямар нэг хүндрэл үүсэхгүй гэсэн тайлбар хэлж байлаа. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж