Энэ үеэр Р.Амаржаргал нарын гишүүд зөвхөн малчид, өндөр настан гэлтгүй цалингийн зээлтэй иргэд олон бий. Нэгэнт ийм хууль гаргах гэж байгаа бол бусад иргэдээ хамруулж болохгүй юү гэж байлаа. Ч.Улаан гишүүн “Банкны зээлийг төр ингэж өөр дээрээ авах гэдэг буруу. Малчид, өндөр настан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хүний хөгжил сангаас хүртэх ёстой мөнгөө гар дээрээ аваад зээлээ төлнө үү, хүүхдээ сургана уу. Түүнийгээ өөрсдөө шийдэх ёстой. “Өнөөдрийн хоолыг нь өгөөд маргаашийн ирээдүйг нь баллах гэж байна уу” гэж “Тунгалаг Тамир” кинонд гардаг шиг гар дээр өгөх ёстой мөнгийг шууд зээлд суутгах нь хэр оновчтой юм бэ” гэсэн байр суурьтай байв.
Хүний хөгжлийн мөнгийг зээлийн төлбөрт ашиглах нь бас тийм ч оносон хувилбар биш бололтой. Тухайлбал, Сангийн сайд С.Баярцогт “Хүний хөгжлийн мөнгөө иргэд өөрсдөө аваад зээлээ төлөх боломж байхад заавал хууль гаргаж Засгийн газар, банкны хооронд харилцаа үүсгэх нь буруу. Бэлэн мөнгийг зээл төлүүлэхээр нэг удаа зэрэг шилжүүлбэл хүндрэл гарна. Улсын төсвийн орлого нэг дор орж ирдэггүй. Монгол Улс улирлын үйлдвэрлэлтэй орон. Зээлийн мөнгийг нэг дор гаргавал төсвийн зардал нэмэгдэнэ. Асуудлыг төсвийн тодотголтой уялдуулах ёстой. Төсөв тодотгоогүй үед хүндрэл гарна” гэж байв. Харин С.Бямбацогт гишүүн иргэдэд өгнө гэж амласан мөнгөө л зээлд шилжүүлэх учир ямар нэг хүндрэл үүсэхгүй гэсэн тайлбар хэлж байлаа. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Д.ОЮУН