Б.Баяраа: Якутын бэлтгэл амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Б.Баяраа: Якутын бэлтгэл амжилттай боллоо

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраатай ярилцлаа. Тэрбээр чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг ахлан, Якутскт хамтарсан бэлтгэл хийлгээд ирсэн юм.
-Та Якутск хотод хамтарсан бэлтгэлд очоод ирлээ ….

-2011 оны долоодугаар сарын эхээр Якут улсад болох эрэгтэй чөлөөт бөхийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний өмнө якутын бөхчүүдийн бэлтгэл сургуулилтанд туслалцуулах зорилгоор Якутын чөлөөт бөхийн холбоо манай бөхчүүдийг 14 хоногийн хамтарсан бэлтгэлд урьсны дагуу очоод ирлээ. Манайхаас 55 килограмм жинд Гавьяат тамирчин Б.Наранбаатар, олон улсын хэмжээний мастер Т.Даваахуяг, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар, спортын мастер Э.Бэхбаяр, 60 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран, спортын мастер Б.Нэмэхбаяр, 66 килограммын олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, 74 килограммын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нар очсон.  Хамтарсан бэлтгэлд оросын талаас голдуу якутын бөхчүүд нилээд зуу гаруй бөх, тэдний дотор дэлхийн аварга, олимп, ДАШТ, залуучуудын ДАШТ-ний медальтнууд байлаа. Тэнд манай бөхчүүдээс гадна болгарын бөхчүүд байсан, тэдний дотор 55 килограммын жингийн дэлхийн аварга Рудик, 84 килограммын жингийн дэлхийн аварга Ганев, эмэгтэйчүүдийн 72 килограммын жингийн дэлхийн таван удаагийн аварга С.Златёва нар байсан нь бэлтгэлийг улам сонирхолтой, үр дүнтэй болгосон. Хамтарсан бэлтгэл нь сургалтын барилдаан, хяналтын барилдаан, нөхөрсөг уулзалт, олон улсын тэмцээн гэсэн хэлбэрээр явагдлаа.

Гавьяат тамирчин Б.Наранбаатар дэлхийн аварга, якутын бөх В.Лебедевтэй гурван удаа хяналтын барилдаан хийж, нэг ялж нэг ялагдаж нэг тэнцлээ. Манай бөхчүүд якутын шигшээ багтай хоёр удаа халз барилдаан хийж 4:3, 4:1 онооны харьцаагаар ялж Якут улсын Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй өргөмжлөл хүртсэн. Манай бөхчүүд “Единая Россия” намын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцож 74 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батзориг мөнгө, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат хүрэл медаль хүртсэн байна. Бэлтгэл сургуулилтыг эрчимтэй, сайн хийлээ, манай бөхчүүд маш идэвхтэй байлаа. Сэтгэл дүүрэн байна.

-Якутын бөхчүүд улсын аварга шалгаруулах тэмцээндээ ямар зорилго тавьж байгаа гэнэ?

-Якутын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Серафим ярихдаа, хамтарсан бэлтгэл амжилтдаа болсонд манай багт баяр хүргээд якутын бөхчүүд УАШТ-ндээ 55, 60, 66 гэсэн хөнгөн гурван жинд аварга төрүүлэх зорилготой гэж хэлж байсан, иймд якутын бөхчүүдддээ амжилт хүсэж байна. ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээн Якут улсад анх 1972 онд зохиогдож байснаас хойш ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь удаагаа болж байгаа гэж байна лээ.

-Якутын бөхчүүд бэлтгэл сургуулилтын талаар ямар сэтгэгдэл төрөв?

-Якут бол ОХУ-даа төдийгүй дэлхийд нэртэй бөхчүүдтэй орон, олимпийн аварга Р.Дмитриев, В.Пинигин гээд олон алдар цуутай бөхчүүд бий. Гол нь хүүхдүүдийг бөхийн спортоор хичээллэх дуртай болгох, барилдах ур чадвар суулган төгөлдөржүүлэх асуудалд онцгой анхаардаг юм байна. Якут жижигхэн улс гэхэд нийслэл, зарим хот, тэр ч бүү хэл тосгонд нийтдээ спортын гүнзгийрүүлсэн сургалттай, дотуур байртай 6 дунд сургууль хичээллүүлж байна. Сургууль болгондоо бөхийн төрлийн ангитай байна. Тэндээс тус улсын нэр цуутай тамирчид төрж гардаг байна. Тийм мэргэжлийн сургууль төгссөн хүүхдүүд дараа нь өндөр зэрэглэлийн тамирчдын сургуульд үргэлжлүүлэн суралцаж байна. Бид нарыг сая Якутск хотод өндөр зэрэглэлийн тамирчдын тусгай сургуульд хүлээн авч хамтарсан бэлтгэл хийлгэсэн. Өнгөрсөн жил Москва хотод болсон ДАШТ-нд 55 килограммын жинд алтан медаль авсан якутын бөх Виктор Лебедев тэр сургуульд арван жил суралцан бэлтгэл хийж дэлхийд түрүүлсэн байх жишээтэй.

Эх сурвалж: www.wrestling.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж