”Шуурганы эзэн” киноны продюсер Оскарын шүүгч нарт нөлөөлөхийг оролдлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

”Шуурганы эзэн” киноны продюсер Оскарын шүүгч нарт нөлөөлөхийг оролдлоо

Оскарын есөн номинацид нэр дэвшээд байгаа "Шуурганы эзэн" киноны продюсеруудын нэг Картье Америкийн кино урлагийн гишүүдэд нөлөөлөхийг оролджээ. Тэр Академийн нилээд хэдэн гишүүнд "Аватар" киноны төлөө битгий санал өг гэсэн ойролцоо утгатай электрон захидлуудыг илгээжээ. Энэ тухай өчигдөр The Washington times  мэдээллээ. Захидлын агуулга нь 500 сая доллараар бүтсэн киноны төлөө бус харин "Шуурганы эзэн"-нд саналаа өгөхийг хүссэн байжээ. Энэ захиануудын нэгийг Associated Press агентлаг олж үзсэн байна. Николас Картье/Nicolas Chartier/-ын захидлыг авсан хүмүүс Жеймс Кэмероны киноны тухай өгүүлж байгааг шууд ойлгосон нь тодорхой. Мэдээж ийм хэмжээний хөрөнгөөр бүтсэн кино нэр "дэвшигчдийн" дунд ганц л байгаа.
Кино академийн албан ёсны төлөөлөгч Лесли Ангер/Leslie Unger/-ийн өгүүлснээр "Бигелоугийн киноны продюсер Картье кино академийн дүрэм журмыг ноцтой зөрчсөн. Ямарваа нэг уран бүтээлийг амжилтад хүргэх зорилгоор өрсөлдөгч талын бүтээлийн нэр хүндэд халдах гэсэн оролдлого нь ёс зүйн хэм хэмжээнд байж болшгүй зүйл юм" гэжээ. Associated Press-ийн тодотгосноор "Продюсер эхний байрыг "Шуурганы эзэн"-д өгч харин "Аватар"-ыг бүр 10 дугаар байр руу шидэхийг эрээ цээргүй ухуулах оролдлого хийсэн" гэнэ. Одоо академи түүнийг яаж шийтгэхийг хүлээж байна. Тэр ёслолын өмнө сэтгэлийн хэт хөдлөлөө барьж дийлэлгүй эвгүй үйлдэл хийсэндээ хүлцэл өчжээ.
Кино академийн мэдээлснээр шийтгэл нь ямар ч байж болно. Оскарын ёслолд Картьег оруулахгүй байх бүр цаашлаад түүний киног нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авч ч болзошгүй юм. Хэрвээ ингэхгүй юм аа гэхэд Кэтрин Бигелоугийн кино өрсөлдөөнд ялалт байгууллаа ч гэсэн Картьег кино академийн гишүүнээр элсүүлэхээс татгалзах нь тодорхой юм. Гэхдээ The Washington times-ийн мэдээлснээр "Продюсерийн дээрх үйлдэл нь санал хураалтад төдийлөн нөлөөлөхгүй байх магадлалтай. Учир нь академийн гишүүд хэрэв шүүгч хийлээ гэхэд тэд өдийд хэний төлөө вэ гэдгээ аль хэдийн товлочихсон байж таарна" гэжээ.
"Оскар"-ын ёслол нь гуравдугаар сарын 7-нд болно. Өрсөлдөөний гол эзэд болох "Аватар", "Шуурганы эзэн" кино тус бүр есөн номинацид нэр дэвшээд байгаа билээ.
                                                                                                                                Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж