Увс, Тувагийн бизнес эрхлэгчид уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Увс, Тувагийн бизнес эрхлэгчид уулзлаа

ОХУ-ын Тува улсын гадаад-эдийн засгийн харилцааны агентлаг болон Увс аймгийн ЗДТГ-аас хоёр талын бизнес эрхлэгчдийн уулзалтыг энэ сарын 17-ны өдөр Улаангом хотноо зохион байгууллаа. Уулзалтыг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Очир үг хэлэв. Энэхүү уулзалтын зорилго нь хоёр талын бизнес эрхлэгчдэд харилцаа холбоо тогтоож бие биенээсээ туршлага судлах болон хамтран ажиллах бололцоог олгох явдал юм.

Мөн аймгийн Хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Л.Тогоо Тувагийн талаас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлэх, газар тариалангийн химийн бордоо авах, өндөглөгч тахиа, сайн үүлдрийн сүүний чиглэлийн үнээ авах сонирхолтой байгаа болон урьд гэрээ хэлэлцээрээр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг  санал болгов.

Уулзалтад Тувагийн талаас Тува улсаас Монгол улсад суух төлөөлөгч Ч.А.Доржу-Белекович болон гадаад-эдийн засгийн харилцааны агентлагийн нарийн бичгийн дарга Бимба Уран Владимировна нар тэргүүтэй Кызыл хотын томоохон  “ТТ” мод бэлтгэлийн компани, “Оваа” компани, “Сай-Хонаш” аялал жуулчлалын компани, “Чагытай” улсын үйлдвэр зэргээс 10 гаруй бизнес эрхлэгч төлөөлөгчид оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа болон бүтээгдэхүүний дээжээс танилцуулан Увс аймгийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж санаа бодлоо солилцов.    

Увс аймгаас нийт 15 аж ахуйн нэгж, компаний захирал, менежерүүд оролцож эсгийн үйлдвэр болон арьс шир боловсруулах үйлдвэр, гутлын цех, монгол гэр хийдэг компаний үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав.

Энэхүү уулзалтын үр дүнд талууд харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хил, гаальтай холбоотой асуудлыг судлах, үүнтэй холбоотой саад тотгорыг арилгах талаар дээд шатны байгууллагад уламжлах, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тогтов. Ийм төрлийн уулзалтыг Увс аймгийн төдийгүй Тувагийн талд сонирхсон аж ахуйн нэгж байгууллагын хооронд ойр ойрхон зохион байгуулж байхаар тогтов.

Б.Батбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж