Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос Олон улсын их сургуулиудын спортын холбоо (FISU)-той хамтран Залуу сэтгүүлчдийн хөтөлбөр зарласан билээ. Англи хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай, 25 хүртэлх насны, AIPS-ын гишүүн зэрэг хүнд шалгуур бүхий уг хөтөлбөрийн ялагчдыг даваа гаригт зарлахад таван тивээс торойсон тоотой хэдхэн сэтгүүлчийн тоонд Монголын О.Энэрэлт багтаж, “Шеньжень-2011” дэлхийн оюутны Универсиад наадмыг сурвалжлах эрхтэй боллоо. Тэрээр Английн Манчестерийн их сургуульд сурахын зэрэгцээ “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагчийн үүргийг хашсаар хэдэн жил өнгөрчээ.
26 дахь удаагийн Универсиад наадам наймдугаар сарын 12-23-нд өмнөд Хятадын Шеньжень хотноо болж, FISU-гийн гишүүн 100 илүү орны 13 мянга шахам оюутан тамирчид спортын 24 төрлөөр 306 багц медалийн төлөө өрсөлдөх томоохон үйл явдал билээ. Манай улсаас жүдо, шатар, ширээний теннис зэрэг төрлөөр Универсиадын дэвжээнд өрсөлдөх ажээ.