Чөлөөт бөхийн дасгалжуулагчдын семинар эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн дасгалжуулагчдын семинар эхэллээ

ОУОХ болон Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу энэ онд манай оронд жудо, чөлөөт бөхийн спортын хоёр төрлөөр дасгалжуулагчдын олон улсын семинар хийхээр тохиролцсны дагуу зохиож байгаа чөлөөт бөхийн дасгалжуулагчдын олон улсын семинарын нээлтийн ажиллагаа өчигдөр МҮОХ-ны байранд боллоо.
Санхүүжилтыг нь ОУОХ-ны Эв санааны сангаас гаргаж энэхүү семинарыг МҮОХ-ноос МЧБХ-той хамтран энэ онд тохиож байгаа Монгол улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байна.  

Энэ сарын 21-30-ны өдрүүдэд болох чөлөөт бөхийн дасгалжуулагчдын олон улсын семинарт бүх аймгийн Биеийн тамир, спортын хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагчид, нийслэл хот дахь биеийн тамирын дээд сургууль, нийгэмлэг, клубын гуч гаруй дасгалжуулагчид оролцож байна. Сонирхсон хүмүүс ч семинарын ажиллагаанд оролцон хичээлд сууж болно. Семинарын онолын хичээлийг өдөр бүр үдээс өмнө МҮОХ-ны хурлын танхимд, дадлагын хичээлийг Спортын төв ордны “А” танхимд монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын оролцоотойгоор хийнэ. Семинарын хөтөлбөрт өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн бэлтгэлийн арга зүй, төлөвлөлт, жин хасалт, сэргэлт, биеийн ерөнхий хөгжилт, тактик, техникийн бэлтгэлийн хичээл, дадлагын хичээл, видео хичээл орсон хийгээд семинарын төгсгөлд шалгалт авч сертификат олгох юм байна.

ФИЛА-гаас батласан хөтөлбөрөөр явагдаж байгаа энэхүү семинар нь монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын ур чадвар, мэдлэгийг дэлхийн хэмжээнд хүргэх, дасгалжуулагчидын онолын мэдлэг, практик дадлыг олон улсын түвшинд байлгахад чиглэсэн чухал арга хэмжээ болж байна.   Семинарыг ФИЛА-гийн лицензтэй дасгалжуулагч, болгар улсын иргэн Иван Цонов удирдан явуулж байна. Тэрбээр 45 настай хийгээд Гавьяат тамирчин, Сөүлийн Зуны олимпийн наадмын мөнгөн медальт, 1992 оны европийн аварга ажээ.

Семинарын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Улсын аварга Д.Сумьяабазар нар оролцов. Нээлтийн ажиллагааны үеэр И.Цонов үг хэлэхдээ, монголын бөхчүүдийн олимп, дэлхийн дэвжээнд гаргаж байгаа амжилтыг өндөр үнэлж Лондонгийн олимпийн наадмаас аварга төрүүлэхийг хүсэн ерөөж семинарын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж хичээллийг эхлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж