Сангийн сайд Канадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Сангийн сайд Канадад айлчилж байна

Сангийн сайд Б.Болор гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийж байна. Мөн тэрбээр Торонто хотноо зохион байгуулагдаж буй Канадын уул уурхайн хайгуулагч олборлогчдын PDAC-2016 олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа юм.  

Айлчлалын хүрээнд Сангийн сайд Б.Болор Канад Улсын Парламентийн гишүүн, Олон улсын худалдааны сайд хатагтай Кристи Фрийландтай  гуравдугаар сарын 7-ны өдөр Торонто хотноо уулзаж,  хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцсон байна.  Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын тууштай бодлогыг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, Канадын хөрөнгө оруулагчдын хувьд хүлээгдэж буй аливаа асуудлыг нааштай шийдвэрлэхэд идэвхи, чармайлт гарган ажиллаж буйг Сангийн сайд уулзалтын үеэр тэмдэглэжээ.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж, олон тулгуурт эдийн засгийн бодлого хөгжүүлж буй энэ үед барууны өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа Канадад сургах Монгол оюутан, сурагчдын тоог нэмэгдүүлэх асуудлаар талууд идэвхтэй хамтран ажиллах, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын ирээдүйд эцэслэн байгуулахаар тохиролцсон байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард явагдсан Канадын парламентийн сонгуульд Канадын Либерал нам ялалт байгуулж үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн бөгөөд Монгол Улс Канадын одоогийн эрх баригчидтай парламент, Засгийн газрын гишүүний түвшинд албан ёсоор уулзаж хэлэлцсэн анхны уулзалт энэ болжээ.

А.АЯЛГУУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж