Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Дээрэмчид дэндлээ

Монголчуудад танил биш, зөвхөн кинонд л гардаг байсан олон зүйлс хаяа дэргэд хүрээд  иржээ. Зэвсэглэсэн дээрэмчид  та бидний дунд гэмгүй царайлаад явж байдаг хатуу цаг ирж. Банк, шатахуун түгээх станц, хоол цайны газар гээд кассанд нь бэлэн мөнгө байж болох бүхнийг онилдог бүлэг дээрэмчидтэй болжээ. Буу шийдмээр зэвсэглэсэн тэдгээр хэргийг  хориодхон настай, хонгор зүстэй залуус бүлэглэн үйлдэж байгаа нь бүр чиг түгшүүр төрүүлнэ. Сүүлийн үед гарсан дээрмийн ноцтой хэргүүдийг эргэн нэг сануулъя.


2013.02.04

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарчээ. Тус сумын Хадгаламж банкны салбарт хэсэг дээрэмчид нэвтрэн их хэмжээний бэлэн мөнгө дээрэмдсэн байна.

2015.12.13

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас хоёр залуу 424 сая төгрөг дээрэмдсэн ноцтой хэрэг гарлаа. Дээрмийн хэрэг үйлдсэн залуус ах дүүс бөгөөд  Орхон аймгийн харьяат, Б нь 1985 онд төрсөн, дүү Э нь 1992 онд төрсөн ах дүүс байсан бөгеөд хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй байжээ. Сэжигтэн Э нь Баянгол дүүрэг дэх “Түндэмүн”, Б нь XIII хороололд байрлах нэгэн саунд тус тусдаа бүгэж байсан гэнэ. Тэд хэрэг хийхээр бэлтгэж байхдаа цахим хуудсанд байршуулсан зарын дагуу “Дробинк" маркийн буу худалдан аваад банк дээрэмдсэнийхээ дараа гол руу шиджээ. Э, Б нар өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон тул дээрэм хийсэн гэж мэдүүлж байгаа аж.

2015.12.24

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Капитал банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарав. Сэжигтэн этгээд баг өмсөн нэвтэрч, улмаар банкны теллерт буу тулган сүрдүүлж 10 сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Сэжигтнийг илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газрын алба хаагчид хамтран ажиллаж байгаа ч дээрэмчнийг өнөө хүртэл илрүүлээгүй байна.

2016.01.07

2016 оны нэгдүгээр сарын 07-ны 22:00 цагт Баянгол дүүргийн нэгэн орон сууцны орцонд 80 настай хөгшнийг залуус бүлэглэн дээрэмджээ.  20 орчим насны тэдгээр залуус байрны орцонд настай хөгшин хүний цүнхийг булаах гэж оролдон улмаар шатаар чирч,  биед нь хүнд гэмтэл учруулсан байна.

2016.02.26

2016 оны хоёрдугаар сарын 26-ны өглөө үүрээр 05:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах “Шөлөндөө” 24 цагийн цайны газрыг дээрэмдэж, ажилчныг нь хүчирхийлсэн онц ноцтой хэрэг гарчээ. Тухайн газар нь камерын хяналтгүй байсан бөгөөд хэрэг гарах үед уг “Шөлөндөө”-д тогооч, зөөгч  хоёр л ажиллаж байжээ. Шөнийн 03:00 цагийн үед цахилгаан нь тасарч, харанхуй болох үед гэмт этгээдүүд гаднаас орж ирэн халджээ. Гэмт этгээдүүд тухайн үед хар бараан хувцастай, баг зүүсэн байсан бөгөөд нэг нь өндөр, нөгөө нь намхан, 20 орчим насны залуус байсан талаар хохирогчид мэдүүлсэн байна.

2016.03.07

 "Сод Монгол" шатахуун түгээх станцын түгээгчийг зодож, 300 мянга гаруй төгрөгийн орлогыг  гар утастай нь дээрэмдсэн хэрэг Төв аймгийн Аргалант суманд гарчээ. Гэмт этгээдүүд  жижиг цагаан машин унаж явсан байна. Дээрэмдийн тухай мэдээллийг улсын хэмжээнд зарлаж, гэмт этгээдүүдийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс баривчлан саатуулжээ. Дээрмийн хэрэгт  21 настай, эрэгтэй Д, 18 настай эрэгтэй Б, О, Г, Ч нарыг шалгаж эхэлсэн байна.

***

Гуравдугаар сарын 7 буюу даваа гаригт Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн хажуугийн "Төрийн банк"-ийг зэвсэгтэй этгээдүүд дээрэмджээ. Тус банкнаас хоёр сая төгрөг дээрэмдсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллан гэмт хэрэгтнүүдийг баривчилсан бөгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын харьят 30 настай, эрэгтэй Г гэгч нь бусадтай бүлэглэн, галт зэвсэг ашиглан  дээрэм хийсэн аж. Энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Он гарснаас хойш л гэхэд бүлэглэн дээрэмдсэн, банк, шатахуун түгээх станц дээрэмдсэн, буу шийдэм, хутга шөвөг хэрэглэсэн гэхчилэн онц ноцтойд тооцож болох хэргүүд шил даран гарсаар байна. Дээрмийн хэрэг үйлдэгчдийн цөөнгүй хувь нь 18-25 насны залуучууд байгаа нь амьдралыг хялбарчлах хүсэл хийгээд адал явдалт киноны тусгал байх магадлалтайг ч хуульчид хэлж байна. Дээрэм хийгээд баригдалгүй үлдсэн түүх үгүй. Дээр жагсаасан хэргүүдээс л гэхэд Капитал банкыг дээрэмдсэн этгээдээс бусад нь бүгд үйлдэл дээрээ болон тухайн өдрөө, маргааш нь баригдсан байдаг.

 Буу шийдэмтэй дээрэмчид их хэмжээний мөнгө дээрэмдээд, баригдалгүй хаа нэг тийш зугтаад, тэр мөнгөөрөө аз жаргалтай амьдарч буй түүх кинонд л байдаг. Амьдрал бол кино биш. Монголын цагдаа нар ч кинонд гардаг шиг бүх хэрэг өнгөрсөн хойно бөөнөөрөө давхиж ирдэг лодойрууд бас биш гэдгийг ойлгоосой. Сүүлийн хэдэн удаагийн дээрмийн хэргийг хэрхэн илрүүлсэн, хэрэг явдал хэрхэн өрнөснийг үгчлэн буулгавал яг л кино. Дээрэм хийгсэд аймаг сум алгасан зугтах, хот суурин газарт гэгээн цагаан өдөр буу барин айлган сүрдүүлэх, бүр цагдаа нарын өөдөөс буудах зэрэг урьд өмнө тохиолдож байгаагүй зэрлэг үйлдлүүд гарах болжээ. Дээрмийн гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тэр дундаа хоёр болон түүнээс олуулаа энэ хэргийг үйлдвэл  “бүлэглэн үйлдсэн хэрэг” хэмээн үзэж, оноох ял бүр ч хүндэрдэг.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147-р зүйлд дээрмийн хэрэг үйлдсэн этгээдэд 5-20 жилийн хугацаатай хорих ял эдлүүлнэ гэж заажээ. Бүр тодруулбал:

“147.1. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

147.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг юм.

Д.ЦЭЭПИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж