Галт зэвсэг худалдаалах төв ганцхан байх хатуу зохицуулалт нь оновчтой эсэх талаар саналууд өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр яригдлаа. Энэ нь Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр гарсан санал юм.
2001 онд Галт зэвсгийн тухай хуулийг батлуулах үеэр ч энэ асуудал яригдаж байсныг Хууль зүйн сайд Ц.Нямдорж дурсаад хоёр жилийн өмнөх долдугаар сарын 1 шиг тохиолдол гарвал буу худалдаалах төв хамгийн эрсдэл ихтэй гэдгийг сануулсан байна. Мөн тэрээр “ийм эмх замбараагүй байдал болоход буу худалдах зөвшөөрөл авсан газар нь өөрийгөө хамгаалах чадвар байхгүй” гэдгийг ч хүлээн зөвшөөрөх ёстойг хэлэв.
Зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах энэ хуулийн талаар хэлэлцүүлгийн үеэр төдийлэн санал гараагүй бөгөөд гадаадын иргэн, харъяалалгүй этгээд Монгол Улсад галт зэвсэг өмчлөх, ашиглах нь Монгол Улсын иргэний эрх чөлөөнд халдах магадлалтайг үгүйсгэх аргагүй тул гадаадын иргэн, харъяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахийг хориглох талаар хуулийн төсөлд тусгасаныг дэмжиж хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна.
Мөн хуралдаанаар Компанийн тухай хуулийн талаар хэлэлцээд санал санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм. Уг байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг хуралдаад Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.5 дахь хэсгийн “…захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр хязгаарлагддаг…” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “…өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн заалттай нийцэхгүй байна гэдэгтэй санал нийлээгүй байна. Ажлын хэсгийн дээрх саналыг ч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.