Grand Theft Auto 5 худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Grand Theft Auto 5 худалдаанд гарна

Виртуал ертөнцөд Grand Theft Auto хэмээх тоглоомыг мэдэхгүй хүн ховор. Анх 1997 онд анхныхаа цувралыг гаргаж байснаас хойш өдгөөг хүртэл байлдан дагуулагчийн дүрд тасралтгүй оршсоор ирсэн энэхүү гайхамшигт тоглоомыг хөгжүүлэгч Rockstar Games тус тоглоомынхоо тавдугаар цувралыг хийж эхэлсэн талаар бид мэдээлж байсан. Ямартай ч шинэ анги нь Rockstar-ынхны мэдээлснээр “2011 will be non-Gta-year” буюу энэ жил биш хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр ирэх жил нээлтээ хийж худалдаанд гарах нь тодорхой байгаа Grand Theft Auto 5-ын хөгжүүлэлт дуусах шатандаа ороод байгаа талаар видео тоглоомын сайтууд мэдээлж эхэллээ. Тэдгээр эх сурвалжуудаас үзвэл энэхүү шинэ ангийн үйл явдал өрнөх байрлал нь Английн нийслэл Лондон байх аж. Мэдээж хэрэг газар нутгийн хэмжээгээр өмнөх ангиудаас зүйрлэшгүй их буюу зөвхөн Лондон төдийгүй ойр хавийн хотууд ч багтах аж. Мэдээж хэрэг хотын нэр виртуал ертөнцийн өөр нэрээр нэрлэгдэж бидний гарт ирэх нь тодорхой. Тус тоглоомын цөөнгүй фэнүүд San Andreas-ын үргэлжлэл гурвал метрополисыг хүсэж байгаа нь дамжиггүй. Нэгэнт хөгжүүлэлт нь дуусах шатандаа орсон бол тун ч удалгүй Rockstar-ынхан тоглоомынхоо нууцуудаас бага багаар задалж эхлэх бизээ. Платформын хувьд эхний ээлжинд Xbox болон Playstation дээр гаргаж нилээд хэдэн сарын дараа PC-д шилжүүлэх гэнэ. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар энэхүү шинэ анги нь GTA-гийн цоо шинэ эрин үеийг тунхаглах бөгөөд магадгүй бүхэл бүтэн тивийг /мэдээж хэрэг Европыг хэлж буй/ хэрэн хэсэж даалгавар биелүүлэх ч магадлалтай гэнэ.

Дашрамд дурдахад Grand Theft Auto-г дөрвөн ангиар нь дөрвөн эрин үе гэж хуваадаг бөгөөд энэхүү дөрвөн эрин үеийн туршид нийт 15 хувилбар худалдаанд гарсан юм. Үүнээс хамгийн их ашиг орлого олсон үе нь гуравдугаар эрин үе буюу Grand Theft auto 3 ба Vice City, San Andreas, Liberty City нарын үе юм. Нийтдээ Rockstar энэхүү франчайзаас 124 сая хувийг борлуулж чадсан гайхамшигтай амжилттай. 124 сая хувь шүү.

Энэ тоглоом маань Гиннесийн номонд хоёр ч удаа борлуулалтаараа, нэр хүндээрээ бүх цаг үеийн тоглоомуудаас ороод амжсан түүхтэй. GTA-гийн фэнүүд болох найман настнаас наян настан хүртэлх нь ирэх оныг тэсэн ядан хүлээх л үлдлээ дээ.     

Н.Наран  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж