Ажилдаа, гэртээ… Автобусанд, гудамжинд. Амрахдаа, ажиллахдаа тэд үгүйсэн бол хэрхэх байсан бол оо. Бүх орчлон хайр, халамжаар дутна. Хөгжилтэй, ялдам, хөнгөн, найланхай гэсэн утга үгүй. Хахир, догшин, харгис, хэрцгий гэсэн ойлголт ч бас байхгүй.
Харин ганцхан… Ширүүн догшин харц, шийдэмгий, түрэмгий зан, үг сөрвөл хэзээ ч үзэлцэхэд бэлэн араатны ширүүн авир дэлхийг нөмөрнө.
Цэцэгст өнгө байхгүй. Үнэр тансаг, гоо зүй үгүй. Өргөст кактус, хогийн муу шарилжаар л хорвоо ертөнц дүүрнэ. Харин тэнд тийм гэхийн аргагүй хачин сонин, хатуу дэглэм үйлчлэх байсан биз.
Өхөөрдөм, үзэсгэлэнтэй, бяцхан, булбарай, царайлаг бас байхгүй. Оронд нь эсрэг утгатай бүхэн энэ дэлхийд ноёлох байсан мэт.
Тийм ээ, тэд энэ орчлонгийн солонгын долоон өнгө. Ургах цэцэг, амьсгалах агаар, уух ус, ундрах булаг. Өрөвч сэтгэл, өршөөх тэнхэл, сайхны төсөөлөл, үзэх үзэсгэлэн, сонсох яруу тансаг хөгжим.
Ажиллах эрч хүч, амьдрах зорилго, хүсэл, хөгжлийн түлхүүр, хүний ертөнцийн охь билээ. Тэднийг уруулаа үл мэдэгдэхэд мушилзуулахад л эрчүүдийн догшин, түрэмгий зан хоромхон зуурт хол оддоггүй гэж үү?! Хорвоо ертөнцийг бүхэлд нь өөрчлөх хүч чадал гагц тэдэнд л бий биш бил үү?
Аяа энэ аугаа бүхний өмнө бид чинь ямар өчүүхэн бэ. Уул усны маань тухай, ширхэг чулуу, мод, мяралзах өчүүхэн горхи хүртэл амьтай, голтой гэж тэднээс өөр хэн бидэнд сургана вэ. Аргаар болдоггүй орчлонд алдаж эндээд ирэхэд аашлаж, зэмлэхийн оронд алгадаад авах шиг аугаа үгээрээ ухаарал хайрлаж, уужуу хэлдэг монгол бүсгүй, монгол ээж шиг эрдэмтэн, бурхан энэ орчлонд бидэнд бий сэн бил үү. Ухаарал хайрласан утга төгөлдөр тэр л намуухан яриа бидний ухаан санаанд сонсогдохоо больдог бил үү дээ.
Бүхний сайхныг үрдээ, ханьдаа хүсч, уул, усандаа сүүн цацлаа өргөн залбирдаг бүсгүй хүнээс өөр сүүтэй бурханг энэ орчлонд бид харсан бил үү?
Хөх уулсын онь хөтөл сэтэртэл саравчилж, сэмжин үүлсийн магнай зөөллөн мэнд амрын цацлаа өргөн, алсын зэрэглээ цайран уустал санаа алдах ижийгээ би баярлуулж чадсан болов уу?!
Эр хүн шиг байна гээд болохоос болохгүйг хийхдээ ээж шигээ, эхнэр, охид шигээ бодол болон бид санааширдаг бил үү.
Цасан мөс гялалзсан нутгийн уулсынхаа оргилыг будан суутал харуулдахад нь эвий муу ижийдээ би яарсан бил үү.
Эмэгтэй хүн, эх хүн гэдэг юутай ариун дагшин бэ. Ариун дагшин цагаан сүүгээ амлуулж, хатуу орчлонд зөөллөн энгэртээ үрээ тэвэрч, алдаж гишгэхэд нь аргадан зөөллөдөг агуу хүмүүс биднээс яасан өчүүхнийг хүсдэг юм бэ.
Тэгэхээр тэдний инээмсэглэл л тэрслүү орчныг зөөлрүүлж, тэгээд бидэнд жаргал авчирдаг. Тэгсэн хэр нь ээ, гэртээ хурдан ирж, хоолоо халуунд нь идэхийг хүсдэг. Түүнийг нь тэнэгдүү бид нар “ядаргаатай юм” гэж ямбалдаг ямар авлагатай юм бол оо. Сайн сайхан бүхнийг нь авсан хэр нь ээ, сэтгэлийг нь засах ганцхан үг хэлэхийн оронд хатуурхан явдаг нь эрчүүд бид.
Үр хүүхдийнхээ, хань ижлийнхээ төлөө өмсөж хувцсыг нь арчиж индүүдэж, идэх хоолыг бэлдэж, элдэв ажилд өөрийгөө нухлуулж, үдэш, оройгүй зүтгэхдээ үглэж гомдоллож үзээгүй. Гэртээ эрт ирэхийг нь хүлээн хамаг бүхнээ зориулдаг, хайр халамжит бүсгүйчүүд хорвоо ертөнцөд бий сэн бил үү дээ.
Бусдад таалагдах гэж бус хань, үрдээ сайхан харагдахын тулд, хар халдаахгүйн тулд хааяахан нэг гоёж гооддог халамжит эхнэрүүддээ, хайрт ээжүүддээ, хөөрхөн охид оо хамгаас сайхан баярлуулаарай.
Бидний хийдэг их нүглийн өмнө голдоо ортлоо гомдмоор шүү дээ. Тэгээгүй ээ, тэд минь. Тэнүүн энгэртээ ертөнцийн хамгийн сайхан бүхнийг тэвэрч байгаа юм шиг бидний төлөө бүхнээ зориулдаг энэ аугаа хүмүүсийн өмнө эрчүүд бид чинь ямар өчүүхэн юм бэ. Өнөөдөр шиг эрчүүд болгон цэцэгс барин гэр рүүгээ яарч, ядуу, баян нь хамаагүй бүсгүй бүхэн баяр баяслаар бялхан торомгор хөөрхөн нүдэнд нь гунигийн сүүдэр бүү тусаг.
Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ орчлонгийн бүхий гэрэл гэгээнд түнэр харанхуйг гэрэлтүүлэн цацрах эрхийг олгох эрчүүдийн үүрэг. Үүргээ биелүүлсэн цагт тэднийг хүндэлсэн хайр болох нь дамжиггүй. Бүүвэйн хорвоог бүтээсэн бүсгүй хүн та инээмсэглэж яваарай.
Л.НАРАНТӨГС