Хүү ээжээсээ аавыгаа нэхнэ. Өдөр болгон цэцэрлэг дээр нь аавыгаа ярин шулганалдах үе тэнгийнхнийхээ үгийг байнга сонсох хүү хар зөнгөөрөө ээжээсээ асуусан нь тэр. Ээж нь дэмий л өөр зүйл рүү анхаарлыг нь хандуулахыг хичээнэ. Дөнгөж гуч гарсан ээжид хүүгээ гэдэс цатгалан, дутагдах гачигдуулалгүй, хүний зэрэгт хүргэж, боловсрол эзэмшүүлэх цор ганц мөрөөдөл бий. Үүний төлөө тэр өөрийгөө умартсан. Яг түүнтэй ижил өрх толгойлж, өөрийнхөө хэрээнд зүтгэж яваа 78 мянган 606 эх бий. Тэдний өмнө үүрэг хүлээх эр хүн бий ч харамсалтай нь хариуцлагаас зугтдаг. Ганцхан жишээг дурдахад, салсан ч гэлээ шүүхийн шийдвэрийн дагуу үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, тэтгэлэг өгч байх ёстой эрчүүдийн 85 хувь нь үүргээ биелүүлдэггүй аж.
Бидний бодит дүр зураг энэ. Өнөөдөр дунд шатанд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь боломжийн хэмжээнд байдаг ч шийдвэр гаргах түвшинд доогуур хэвээрээ байна. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан судалгаанаас харвал 1992-1996 оны УИХ-д гурван эмэгтэй, 1996-2000 оны сонгуульд долоо, 2000-2004 оны сонгуульд найм, 2004-2008 оны сонгуульд тав, 2012-2016 оны сонгуульд хамгийн их буюу 11 эмэгтэй гишүүн сонгогдсон байх юм. Жендерийн тухай хууль, Сонгуулийн хуульд тусгуулж байж арай гэж тэдний төлөөллийг гарын таван хуруунд тоологдохоор нэмэгдүүлж чаджээ. Гэхдээ хүйсийн харьцаагаар нь аваад үзвэл нийт хүн амын талаас илүү хувийг тэд эзэлж байна.
Амьдралаа хэнээр ч заалгалгүйгээр сайхан авч яваа эрчүүд олон байгаа ч, арчаа муудаа амьдралаа авч явах нь байтугай бул хар чулуу болж яваа нь түүнээсээ олон болжээ. .
Өнөөдөр бидний хоёр дахь амьдралын хэмнэл болсон сошиал ертөнцөөр монгол эр хүн гэхээр л архи ууж, эхнэрээ араар нь тавьж, эхнэр нь харааж загнаж, дарамталж байж гэмээ нь амьдралд чирч явдаг гэсэн хэт өрөөсгөл ойлголт яваад байх шиг. Үнэн байж болно. Гэхдээ тэрийг засч залруулахын оронд харин ч эсрэгээрээ эвлэрэн нийлж байх жишээтэй. Монгол эрчүүдийн нөгөө уужим саруул ухаан, холч тавиу бодол, ууч сэтгэл, өнөөгийн залуус шиг өдөр болгон хараалын үгтэй хамт гарах “хайраа” гэх үнэ цэнэгүй үг шиг тэр болгон ил гаргаад байдаггүй хэр нь зүрх сэтгэлээс нь гэрэлтэж байдаг хайр, халамж хаашаа одоо вэ?! Хүссэн ч эс хүссэн ч эр хүний нуруун дээр өрх гэр, улс гүрний хувь заяа тогтдог юм бол үүрэгчид нь хаана явна.
Дэлхийн хагасыг хурааж явсан монгол эрчүүдийн хийморь, хүч, оюун ухаан нь тэсвэр тэвчээрт, үр хүүхэд, өрх гэр, улс орноо гэсэн зүрх сэтгэлд нь байгаагүй гэж үү.
Одоо олон юм өөрчлөгдөж байна. Өнгөрсөн юм ул болж шинэ юм зул болсон гэх хүн бишгүй гарах байх л даа. Гэхдээ эрчүүд хэчнээн харийн залуусыг дуурайж хацраа энгэсэгдэж, хүүхэн шиг аашиллаа гээд хүүхэд гаргадагсан бил үү.
Тэгээд ч тэнэг бүдүүлэг, замбараагүй, балмад хэрцгий байдлаараа бахархaж гайхуулах бүү хэл, ичиж зовох цаг ирсэн. Гэтэл нялх хүүхэдтэй эхнэрээ орхиод хувийн жаргалыг хөөн хулчийж яваа хэд байна вэ?
Нийгэм бүхэлдээ өөрчлөгдөн, орос, хятадаар дэлхийг төсөөлдөг байсан үе хойно хоцорч монгол эрчүүд юм үзэж, нүд тайлж байна. Харин зарим маань ар гэрээ аваад явах арга, ухаанаа олж ядаж, үдшийн бүрийд цэнгээний газар хөлчүүрэнхэн суудаг нь олон харагдана.
Үүнд төр, засаг, өнөөгийн нийгмийг буруутгаж болно. Буруутгах ч ёстой. Гэхдээ энэ бүхнийг өөрчилж, бурууг залруулж, болохгүйг бүтээх хүмүүс нь өөрсдөө шүү дээ. Гэтэл бусдад буруугаа тохоод суувал бид энэ намагтаа шигдсээр л байх болно. Тиймээс эрчүүд минь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ганцхан өдрөөр цэцэг барихыг урьтал болгохоос илүүтэй бусад 364 хоногт нь амьдралынхаа, өөрийнхөө төлөө зүтгэхэд л тэд минь бидэнд баярлана. Тэр цагт монгол эрчүүд маань ч монгол бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдлийн ханхүү болон хувирах цаг тун удахгүй ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тулганы галаа бадраасан халуун дулаан, хайраар гэрэлтсэн монгол гэр бүл олширч, монголчууд бид хөгжих болтугай.
Л.НАРАНТӨГС