Өвөрхангай аймагт улс төрийн хоёр гол хүчнээс “аятайхан” нэрээр халхалсан сонгуулийн сурталчилгаагаа орон даяар үргэлжүүлж байна. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Ардчилсан намынхан “Монгол хүн-2020” гэгдэх сүржин бэлэгдэл бүхий нэртэй шоу цуглаанаараа “хийрхэж, хийрхэж” явсан бол Монгол Ардын Намаас “Ард түмнээ сонсъё” гэх сүртэй гоё нэр бүхий сонгуулийн ажлаа өнгөрсөн долоо хоногт хэдэн өдөр үргэлжлүүллээ. Энэ арга хэмжээнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Я.Содбаатар, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан зарим яамдын дэд сайдууд хүрэлцэн ирж иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтаар мөнөөх л “уламжлал” ёсоор улс төр, намын үйл ажиллагаа, бодлого чиглэлийг танилцуулж, санал хүсэлтийг нь сонсон, асуултанд хариулсан. Дараа нь Аюуш баатрын талбай дээр сонгуулийн хоёр дахь шоу тоглолт болсон бөгөөд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид болон аймгийн намын хорооны гишүүд сумдад ажиллан, намынхаа үйл хэргийг газар дээр нь таниулсан байна.
Б.Батчимэг