Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

“Байгалийн онц аюултай үзэгдэл болно. Цасан шуурга шуурна. Холын замд гарахгүй байхыг анхааруулъя”. Ийм мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээс цацагдсан ч монголчууд сэрэмж авсангүй. Анхааруулж, сэрэмжлүүлсээр байтал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт болж өнгөрсөн их шуурганд 780 гаруй иргэн өртөж хоёр нь амиа алджээ. Харамсалтай мэдээ. Хэрвээ Онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаагүй бол хэчнээн хүний амь нас хохирч, хэчнээн хүн хөл гараа хайруулж, хөлдөөн эрүүл мэндээрээ хохирч, гашуудаж суухыг хэлэхэд бэрхтэй.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, онц аюултай гэнэтийн үзэгдлийг даван туулахад амар биш ч урьдчилан сэргийлснээр хохирол багатай давах боломж бий. Гэтэл хэнэггүй зан нь дийлэв үү гэлтэй, анхааруулж, сануулсаар байтал алсын замд гарч, автомашин нь цасанд суусны дараа онцгойгийнхоныг дуудаж, аврал эрсэн нь ч байна. Олон хоногоор хээрийн замд явж байсан хүмүүсийг буруутгах аргагүй ч хот хоорондын тээврийг зогсоочихоод байхад л хулгайн замаар хотоос гарч давхин, цасанд суусныхаа дараа “Авраарай, автомашинтайгаа осолдох дөхлөө. Осгох гэж байна” гэсэн дуудлага өгсөн иргэдийг ойлгох арга алга.

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр нийт 652 зорчигчтой 159 авто машин цасанд суусан, эвдэрсэн, шатахуун дууссан зэрэг шалтгаанаар боогдсон байсныг аварсан байгаа юм.

Түүгээр ч зогсохгүй энэ үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсоосныг эсэргүүцэн хүний эрх ярин цээжээ дэлдэгсэд байсныг хэлэх ёстой болов уу. Хэрвээ Онцгой байдлынхны хүч хүрэхгүй тэр их цасан шуурга сөрөн очих гэж зүтгэсээр байх хооронд амь нас нь эрсдэлд орсон бол яах вэ. Бурууг өөрсдөөсөө биш өрөөлөөс онцгойгийн аврагч нарт тохоод суух байсан даа.

Цасан шуурганы үеэр юу болсныг нэхэн сануулъя. Энэ үеэр холын замд байтугай хотод нисгэх шахам байв. Нийслэлийн гэр хороолол болох Зүүн салаа, Баянхошуу, Ханын материал, Дарь-Эх, Их наранд амьдрах иргэдийн байшингийнх нь дээврийг хуу татам л цасаар шуурсан. Гэрийг нь буулгах шахам хүчтэй салхилж байснаас зарим нэг нь тоононыхоо голоос олс татан 60 литрийн багтаамжтай савтай ус зүүсэн тухай яриа ч сонсогдоно. Зам харагдахгүйгээс том оврын автобусныхан зарим үед хөдөлгөөнөө зогсоохоос аргагүй болсныг ч хэлж буй. Хотын төвд л гайгүй өнгөрснөөс биш гэр хороолол руу ийм л байдалтай өнгөрсөн. Хөдөөд газар, тэнгэр нийлснийг тодотгох хүн олон бий. Зам даваа ч хаагдсан.

Тийм л учраас Зам тээврийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас авсан дээрх арга хэмжээ нь иргэдээ ирж яваа аюулаас урьдчилан сэргийлж амь насыг нь эрсдэлд оруулахаас л сэргийлсэн үйлдэл юм. Ийм арга хэмжээг яаралтай авсны хүчинд байгалийн гамшгийг хохирол багатай даван тууллаа. Мөн “Монголын Ланд круйзер” клубын залуус гамшгийн эсрэг тэмцэхээр онцгойгийнхонтой нэгдэн Улаанбаатар хотын ойр орчимд цасанд суусан автомашинуудыг татаж гарган олон иргэнийг осгож хөлдөхөөс сэргийлж чадлаа. Бүхий л зардлыг өөрсдөөсөө гаргасан гэх мэдээлэл байна. Уг нь иргэн бүр үүргээ ухамсарладаг байсан бол хэн, хэндээ хэрэгтэйсэн. Байгалийн гамшигаас иргэдээ аврахын тулд улсын хэмжээнд Онцгойгийн 150 гаруй аврагч, 70 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан бол “Монголын Ланд круйзер” клубээс 20 гаруй залуус ажиллажээ.  Зардлыг нь тооцвол нэлээн том тоо гарах бололтой. Одоогоор Улсын Онцгой комиссоос энэ тухай мэдээлэл нэгтгэгдэж гараагүй байна. Хэдийгээр төр нь иргэнээ хамгаалах үүрэгтэй ч иргэн нь үүргээ ухамсарлахгүй бол хэнэггүй зангаас үүдэлтэй иргэний зардалд төр нь байгаагаа цацсаар суух уу гэдэг асуудлыг ч хөндөж болох талтай.

Гамшиг ингээд дуусахгүй дахиад ирэх эрсдэл бий. Түүнд бэлтгэлтэй байхын тулд иргэд үүргээ ухамсарлах цаг нь иржээ. Хэнэггүй зангаар байгалийн гамшгийг даван туулахгүй нь.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж