Дашрамд сонирхуулахад Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд зориулж, аймаг, орон нутгаа ая, дуугаар сурталчлах, бүс нутгийн урын санг сэлбэх, арвижуулах, хөдөөгийн авъяаслаг залуу хөгжимчид, зохиолчдын авъяасыг хөгжүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн сэдэвтэй шилдэг дууны уралдаан зарлан дүнгээ гаргажээ. Эл дууны тэмцээнд 60 гаруй уран бүтээлч, авъяастнууд бүтээлээ ирүүлснээс Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны шүлэг, Ардын жүжигчин Н.Жанцанноровын хөгжим “Өвөрхангай”, Т.Сэр-одын хөгжим, Соёмбын шүлэг “Ханхөгшин хайрхан”, Б.Бямбабаярын ая, Будсүрэнгийн шүлэг “Мөнх орших нутаг” дуу эхний гурван байрыг эзэлж, хоёр сая төгрөгийн шагнал хүртлээ. Мөн О.Цогбатын ая, П.Нанжиндоржийн үг “Ар агуйн гол” дуу тусгай байр эзлэн таван зуун мянган төгрөгөөр шагнуулсан байна.
“Миний нутаг сайхан” наадам үргэлжилж байна
Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, сумдын үйл ажиллагааг сурталчилан, аймгийн соёлыг дээдлэн урлаг соёлыг түгээх, үе үеийн ардын авъяастнуудын залгамж холбоог бэхжүүлэх, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж ардын авъяастнуудыг тодруулах, иргэдийнхээ авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Миний нутаг сайхан” урлаг, спортын наадмыг гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Эхний шатны уралдаан сумын хэмжээнд болсон бол хоёрдугаар шатыг өнгөрсөн оны есдүгээр сарын 15-наас энэ оны өнгөрсөн тавдугаар сарын 8-н хүртэл Арвайхээр хотноо зохион байгуулсан юм. Эхний хоёр шатаас шалгарсан шилдэг 165 авъяастнуудын гала концерт болон удирдамжинд заагдсан спортын дөрвөн төрлийн тэмцээнийг гуравдугаар шат буюу шилдэг оролцогчдыг энэ сард тодруулна. Сүүлийн шатнаас шалгарсан урлагийн авъяастнуудыг аймгийн 80 жилийн ойн концертонд оролцуулах юм. “Миний нутаг сайхан” урлаг, спортын наадмыг дээрхи үйл ажиллагаанаас гадна сумын орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа, урлалын үзэсгэлэн, аймгийн Хүүхдийн урлагийн их наадамд оролцсон оролцоо зэргийг харгалзан дүгнэх ба эхний таван байр эзлэсэн сумдыг урамшуулан шагнах аж.
Б.Батчимэг