МЧБХ-ны дээд шагналт бөх Осгоны Бямбаа

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

МЧБХ-ны дээд шагналт бөх Осгоны Бямбаа

О.Бямбаа нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг “Уран дөш” хайрханы ар хормойд мэндэлжээ. Бага насандаа Монгол малчин айлын хүүхдийн адил малын тоосон дунд унага, даага сургаж, хурданы морь унаж, уралдаж багын найз Л.Арслантай ноцолдож барилдаж, дээл гутлаа урж өссөн агаад сургуулийн алтан босго алхаж сурагчийн ширээнд мөр зэрэгцэн суусан мөчөөсөө чөлөөт бөхийн Алдар нийгмэлэгийн тамирчин Гаваагийн Сандаг, аймгийн начин Сэмжидийн Батдарам нартай үерхэж нөхөрлөж, барилдсаар барилдааны эвсэлтй, унаа холтой, бөх болох замаа нээж, барилдах дур сонирхолтой болжээ. Оюутан болсон үеэсээ анхны чөлөөт бөхийн тамирчин болоод Д.Жамц, Намшир, дархан аварга Х.Баянмөнх нартай нэгэн үед зодоглож, 1965 онд чөлөөт бөхийн 52 кг-ын жинд Улаанбаатар хотын анхны аварга болж, энэ оны улсын аваргаас олимпийн анхны медальт Дамдиншарав, Рагчаа нарын дараа 3-р байранд шалгарч улсын аваргын анхны хүрэл медальтан болсон алдар гавьяатай бөх юм.

О.Бямбаа УБДС-ийг математик, физикийн багш мэргэжлээр дүүргэж, мэргэжлээрээ олон жил багшилж, дөрвөн удаа мэргэжлээ дээшлүүлэн дадлага туршлага өндөртэй, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол түмний дээд шагнал Монголын ард түмний гавьяат багш, багшийн гавьяа одонгоор тус тус шагнагдсан бөгөөд хүүхдийн хүмүүжил, ёс зүй, бие бялдар, оюун санаа, тэвчээр хатуужил олгохоор өөрийн мэргэжлээ бүх талаар дайчлан, цаг мөч бүрийг үр бүтээлтй ашиглаж, өөрийнхөө чөлөөт бөхийн дэвжээнд барилдаж явсан барилдааны арга туршлагаа өсвөр үедээ өвлүүлж, жудагтай жинхэнэ сайхан монгол эр хүнийг төлөвшүүлэхэд оюунаа чилээж яваа хүний нэг юм. Иймээс багшаар ажиллаж байсан Тэмүүжин цолцолбор, Өндөрхаан 1-р сургууль, Өмнөдэлгэр, Бор-Өндөр, Батноров сумын сургуулиудад чөлөөт бөхийн секц дугуйлан хичээллүүлж, хүүхдүүдийг биечлэн бэлтгэл сургалт хийлгэж, аймаг, улсын аварга шалгаруулах барилдаанаас олон удаа тэргүүн байр эзлэж, сум, аймгийнхаа нэрийг дуурсгаж явсан багш юм.

О.Бямбаа багшийн чөлөөт, самбо бөхийн шавь нараас чөлөөт, самбо, жүдо, үндсэний бөхийн тэрлүүдэд олон арван алдар цолтон төрөн гарснаас заримийг дурдвал жүдо бөхийн ОУХМ, Монгол улсын начин Бадарчийн Батбаяр, Батжаргалын Одхүү, аймгийн арслан Хүдэрээгийн Болд-Эрдэнэ, самбо бөхийн мастер, аймгийн арслан Батмөнхийн Эрдэнэцогт, аймгийн заан Жамбалын Алтанхуяг, Цэрэвсамбын Даваацэрэн, аймгийн начин, чөлөөт бөхийн улсын шүүгч, Дуйнхорын Дашдондог, аймгийн начин Ламжавын Энхтөр, чөлөөт бөхийн ОУХ-ний алтан медальт Сундуйн Мөнхбаатар, Японы сумо бөхийн дэвжээнд зодоглож, Монгол орныхоо нэрийг дуурсгаж явсан сумоч бөх Батмөнхийн энхбат гээд дамжуулж, төлөв түвшин, ёс жудагтай эр хүнийг хүмүүжүүлэхэд чиглэсэн алсын бодолтой их үйлийг бүтээж байгаа буянтай хүн. Энэ их гавьяа зүтгэлийг өндөрөөр үнэлж, чөлөөт бөхийн спортын мастер цол олгож, чөлөөт бөхийн улсын шүүгч, Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал “Ялалт” одонгоор тус тус шагнагдаж байсан бөгөөд одоо Хэнтий аймгийг хариуцсан зөвлөх багшаар ажиллуулж байна.

-О.Бямбаа багшийнхаа тухай шавь нарын дурсамжаас товч өгүүлбэл:

Мөрөн сумын харьяат аймгийн начин Л.Энхтөр: Намайг бөхийн замд оруулсан анхны багш бол О.Бямбаа /тоо физикийн/ багш. Бямбаа багш бөх хөгжүүлэх ажилд маш их зүтгэл гаргаж байсан хүний нэг юм.

Хан Хэнтий Хатан Хэрлэнгийн хүчтэнүүд номын 135-р талд…

-АБТА, багш Д.Алтанхуяг. Манай сургуульд олон төрлийн дугуйлан хичээллэж байснаас О.Бямбаа багшийн чөлөөт бөхийн тамирчид уралдаан тэмцээнд илүү их амжилт үзүүлдэг байсан.

Эрдэм ундарсан оюуны өргөө номын 131-р талд… Мөн номын 192-р талд

-Сумогийн бөх Б.Энхбат: Манай сургуулийн физикийн багш О.Бямбаа бөхийн чөлөөт барилдааны секц дугуйлан удирддаг байв. Би түүнд нь орж чөлөөт бөхөөр мөн үндэсний бөхөөр барилдаж, аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах барилдаанд байнга барилдаж дээгүүр байр эзэлдэг байлаа.

-Бор-Өндөр сумын ажилтан, шавь Г.Намсрай: Үндсний болон чөлөөт бөхийн анхны дугуйлан байгуулж биднийг бөхөд дуртай болгосон хүн бол О.Бямбаа багш юм. Одоо багш маань АБТА, МУ-ын Матемиатикийн зөвлөх багш зэрэгтэй, сурагчдыг элсэлтийн шалгалтад бэлтгэх ажилтай явж байна.

Амжилтаар жигүүрлэсэн 30 жил номын 137-р талд…

-Анхны шавь Л.Түмэнжав: Би Бямбаа багшийн ачаар чөлөөт бөхийн идэрчүүд болон насанд хүрэгчдийн аймгийн 3 удаагийн аварга болж байлаа. Манай ангийн бүх эрэгтйчүүд чөлөөт бөхөөр хичээллэж, тэмцээнд орж тэргүүн байр авдаг ч байв.  Төгсөгчдийн цэнхэр ном 78-р талд…

Осгоны Бямбаа багш бол үндсэн мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ бөхийн төлөө мэргэжлийн багшаас илүү их идэвх чармайлт гарган ажиллаж олон арван залуучуудыг бөхийн замд хөтлөн оруулсан гавьяатай хүн юм.

Иймээс О.Бямбаа багшийн хөдөлмөр алдрыг нийтэд сурталчлах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор алдрыг тэмдэглэж, нэрэмжит барилдааныг Хэнтий аймгийн тав Өндөрхаан хотод зохион вуулж байна.

Улсын гарын даа Ш.Батжаргал

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж