АНУ-ын тэргүүн хатагтай агсан Нэнси Рейган 94 насандаа таалал төгсчээ. АНУ-ын ерөнхийлөгч агсан Роналд Рейганы бэлэвсэн эхнэр Нэнси сүүлийн 10 жил алцехеймер өвчнөөр шаналж байсан юм.
Нэнси Рейган Бямба гаригт Лос Анжелесийн Бель Эйр дэх гэртээ зүрх нь хаагдаж нас барсан аж.
Нэнси Рейган өсвөр насныханыг хар тамхинд донтохоос сэргийлэх “Үгүй гэж хэлцгээе” кампанит ажил явуулсан нь асар их амжилт олсон байдаг.
Нэнси Рейганыг түүний нөхөр, АНУ-ын ерөнхийлөгч агсан Роналд Рейганыг оршуулсан Калифорнийн Сими Вэлли хот дах Роналд Рейганы дурсгалын цогцолборт нөхрийнх хажууд оршуулахаар болжээ. Холливуудын жүжигчин байсан Нэнси 1950 онд Роналд Рейгантай танилцаж байжээ. Тэр үед Кино жүжигчдийн холбооны ерөнхийлөгч байсан Роналд Рейганаас Нэнси тусламж хүсч очсон бөгөөд тэд хоёр жилийн дараа гэрлэжээ.
1981 онд Роналд Рейган цагаан ордны эзэн сууж, АНУ-ын ерөнхийлөгч болоход Холливуудын жүжигчин байсан тэргүүн хатагтайг загвар хөөсөн, зугаа цэнгэлд ташуурсан гэж шүүмжилж байсан хэдий ч Нэнси Роналд Рейганы хамгийн дотнын зөвлөгч байсан гэдэг. 1989 онд тэднийх Цагаан ордноос нүүснээс хойш удалгүй Роналд Рейган алцхеймер өвчин тусахад Нэнси нөхрийнхөө асран халамжлагч болж, түүний санах ой болж байсан гэдэг. 2004 онд Роналд Рейганыг нас барсны дараа Нэнси Калифорни дах Роналд Рейганы номын санг хариуцан ажиллаж байжээ. Тэрээр алцхеймер өвчний судалгаанд зориулж олон сая долларын хандив цуглуулж чадсан гэдэг.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар Нэнси Рейганы таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэн байна. Барак Обама “Бидний тэргүүн хатагтай агсан Нэнси энэ цаг үед өөрийнхөө үүргийг нэр төртэй биелүүлсэн. Нэнси Америкийн ард түмний дуу хоолой болж, алцхеймер өвчинтэй тэмцэж, өсвөр үеийнхнээ хорт зуршлаас хамгаалж, ирээдүйг нь гэрэл гэгээтэй болгох үнэтэй зөвлөгөө өгч байлаа” гэжээ. Нэнси Рейганы таалал төгссөнд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш, тэргүүн хатагтай асан Барбара Буш нар мөн эмгэнэл илэрхийлжээ.
Н.ЭНХ