Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-3

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-3

Мэддэг нь мэдэхгүйдээ мэдүүлэх гээд мэдрэл муутайгаараа дуудуулдаг хэлмэгдсэн алдаа байдаг. Жишээлбэл, “Архи идээний дээж нь биш доож нь” гэсэн үгийн “доож”. Шүүмжлэгчид “Дээж л гэж сонссоноос доож гэж сонсоогүй дэг.  Хэн нэгэн зохиочихсон байна. “Дээж”-ийг дуурайгаад “доож” болгочихсон нь гадаад үг шиг сонсогдоод байна. Мэдрэл муутай юм аа!” гэж ирээд баахан шаагьсан. Монгол хэлэнд шаар, шавхруу, үлдэгдэл гэсэн утгатай “доож” гэдэг үг байдгийг “Дээжийг нь авах гээд доожийг нь авах” гэсэн ардын зүйр үг гэрчилнэ. “дээр-доор, дээш-доош, дээшлэх-доошлох” гэж болоод байгаа шиг дээж-доож гэсэн үг үүсэх хэл зүйн боломж ч бий. Харин хэн нэгнийг хүчээр зохиосон гэж хардаж, хэлмэгдүүлээд байгаа нь энэ үгээ хэрэглэхгүй байсаар “зэврүүлчихсэнд” байгаа юм. Үүнтэй адил “сайжруулах-муужруулах, хэрэглээ-ашиглаа” мэтийн хэрэглэдэггүй үгсээ “ажилд оруулъя”, бүгдээрээ.

Хэлмэгдсэн алдааны амьд жишээ нь эгшиг гээхгүй бичдэг академич Төмөртогоо багшаар ахлуулсан нөхөд. Гээхгүй байгаагийн шалтгаан нь үгийн үндэс, дагавар, нөхцөлийн бүтцийг хадгалдаг эх хэлнийхээ онцлог, үүх түүх, монгол сэтгэлгээгээ хамгаалах дотор ухаан юм. Үүнээсээ болж номоо гаргаж, эрдмийн зэрэг хамгаалж чадалгүй арван хэдэн жил болж хэлмэгдсэн юм даа, буурал багш минь. Өнөөдөр ч манай хэсэг эрдэмтэн гавьяа байгуулах нь байтугай гай тарьсан хэдэн үсгийг хална гэснээсээ болж элдвээрээ хэлүүлж, хэлмэгдэж л байна, хөөрхийс. Мурий нь тэгшээ, муу нь сайнаа засаад ирвэл цаг муудаж байгаагийн шинж гэдэг дээ.

Яахын аргагүй алдааг яагаад ч хийж болохгүй.

Ярилцах ёстой алдааг харин ярьж шийдвэл ямар вэ?

“Егөөтэй 99 тайлбар” номын “Алдааг ангилъя!” өгүүллийн хэсгээс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж