Молигодуулж дуусдаггүй монголчууд

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Молигодуулж дуусдаггүй монголчууд

Хэсэг хүмүүс цагдаагийн газарт хандаж, хохирлоо барагдуулахыг хүсчээ. Тэд “мөрөөрөө мөөмөө” унжуулж яваад хэн нэгэнд дээрэмдүүлж, тонуулчихсан юм биш гэнэ. Өрөөлийн аманд өөрсдөө л гүйгээд орчихсон хэрэг. Нөгөө  “Би чамд хайртай” кинон дээр гардаг “Баяраа чинь өөрөө л уначихсан юм билээ” гэдэг шиг л юм болчихсон юм билээ, үнэндээ.

Хөлс, хүчээ дуслуулахгүй, гар хөлөө хөдөлгөхгүй, толгой тархиа ажиллуулахгүйгээр хүн хэзээч баяж­даг­гүй юм.  Хөрөнгө, мөнгөтэй  ч бол­доггүй юм. Тамирын голын мөсийг долоох шахаж байж баяжсанаа Итгэл баян хүртэл  өгүүлдэг дээ. Авсан  нь нэг тамтай алдсан нь арван тамтай гэгчээр бусдын залилаж, буруу замаар будаа тээж байгаа нөхдүүд ч, бусдын ов мэх арга залинд өртөж хурааж хуримтлуулснаа хулхидуулаад алдсан нь  аль алинд нь асуудал байгаа хэрэг.

Сүлжээний бизнесээр байртай, машинтай болох гэсэн хүсэл шуналдаа хөтлөгдсөн 3000 иргэн “Байгаль далай сан” гэгчид нэг тэрбум төгрөгөө алдчихаад үгээ барж, үсээ үгтээж суугааг телевизээр харлаа.  Хань ижил, хамаатан саднаа хүртэл уруу татаад байгаа бүхнээ салхинд хийсгэчихсэн саваагүй авгайг хараад инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг.

Үнэнийг хэлэхэд өөрсдийн чинь хохь шүү дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Хэн ч бодсон 650 мянган төгрөгөөр машинтай байртай болно гэдэг байж боломгүй зүйл. Хэзээ ч тийм юм байхгүй гэдгийг хэлээд өгчих хүн олдоогүй юм байх даа, зайлуул.

Анх ерээд оны үед юм үзэж нүд тайлаагүй монголчуудыг “Жавхланг бадруулагч”-ид зад найраад, араар нь амаар нь шороо үмхүүлсэн явдал гарч байсан. Үүний дараа борооны дараах мөөг шиг олширсон хадгаламж зээлийн хоршоодын харамсалтай түүхүүд үргэл­­жилсэн.  Мөнгөө хоёр, дөрөв, найм дахин үржүүлэхийн өвчинд ба­ригд­­­сан монголчууд орох орон, оочих аягаа хүртэл зараад хадгаламж зээлийн хариуцлагагүй нөхдөд өгчихсөн. Үү­ний­хээ дараа яалаа, тэд. Үсээ хяргаж, өлсгөлөн зарлаж өчнөөн юм болоо биз дээ. Өөрсдийнхөө үгээгүй шуналаас болж алдсан хөрөнгөө өрөө­лийн тат­ва­раар төлүүлчихсөн бас өөд­гүй гарууд. Үнэн хэрэгтээ тэднийг молиго үмхэхэд Монголын төр ямар буруутай билээ.

За тэгээд, Өмнөд Солонгост өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэсэн зард итгээд өвгөн Хан-д худалдагдсан  өрөвдөлтэй сургамж ч зөндөө.  Өмнөд Солонгосын өвгөчүүдийг баян гэж итгэсэн ар Монголын охидуудад асуудал бас байна аа.

Энэ мэт олон жишээнээс харахад иргэд өөрсдөөсөө л болж өөрийнхөө ухсан нүхэнд унадаг бололтой.

Монгол хэлний үгийн санд молиго, молигодох гэсэн үг бий. Ор­чин цагийнхнаар бол хулхи, хулхи­даг гэсэнтэй агаар нэг. Тэгэхээр молиго­дуулж, хулхидуулж ханадаггүй монголчуудыг  хохь нь гэхээс өөрөөр яах билээ дээ. Тавлаж байна гэж битгий л бодоорой. Та бүхэн өөрсдийгөө өөр өнцөгөөс хараад нэг үзээрэй дээ. Хэмжээлшгүй их шуналыг чинь ашиглаад хэн нэгэн молиго үмхүүлээд байгааг монголчууд бид ойлгох цаг болсон юм биш үү.

А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж