Эдийн засагт санаа зовинохгүй байхыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Эдийн засагт санаа зовинохгүй байхыг хүсэв

Сүүлийн хоёр жил үргэлжилж байгаа эдийн засгийн хүндрэлүүд энэ онд ч мөн үргэлжлэх төдийгүй илүү бэрхшээл авчирч магадгүй байгаа ч улс орныхоо хөгжлийг хэвээр хадгалах бат итгэл бидэнд бий хэмээн Хятадын Шинэчлэл, хөгжлийн улсын хорооны дарга Сюй Шаоши өчигдөр мэдэгдсэнийг дэлхийн мэдээллийн сувгууд дамжууллаа.

“Хятадын эдийн засаг огцом газардахгүй. Гэхдээ эдийн засгийн эрсдлийг дутуу үнэлж болохгүй. Энэ 2016 онд хүндрэл гүнзгийрнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Бээжинд өнгөрсөн Бямба гаригт Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн ээлжит хурал эхэлсэн бөгөөд хурлын үеэр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Сюй Шаоши дээрх мэдэгдлийг хийжээ. Хятадын эдийн засгийн төлвийн талаар сөрөг таамаг хийж байгаа хүмүүсийг тайвшрахыг тэрбээр хүссэн байна.

Бий болоод байгаа эрсдлийг дутуу үнэлэхгүй байх нь чухал болохыг Сюй Шаоши сануулсан. Тухайлбал, хөгжлийн хурд нь саараад байгаа дэлхийн эдийн засаг энэ онд сайжрахгүйг онцоллоо. Мөн санхүүгийн салбарын болон түүхийн эдийн зах зээлийн үнийн савалгаа үргэлжилсээр байх учраас эдгээр хүчин зүйл Хятадын эдийн засагт ч нөлөөгөө үзүүлэхийг тэмдэглэлээ.

Хятадын эдийн засгийн бодлогыг тодорхойлогч гол байгууллага бол Сюй Шаошигийн толгойлж буй Шинэчлэл, хөгжлийн улсын хороо юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж