Сүүдрээс гарч ирэгчдийн халаасанд 34.7 их наяд байжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.06-нд нийтлэгдсэн

Сүүдрээс гарч ирэгчдийн халаасанд 34.7 их наяд байжээ

Сүүдрээс гарч ирэгчдийн халаасанд 34.7 их наяд байжээ

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Хоёр жил шахам яригдсаны эцэст өнгөрсөн намар УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль энэ хоёрдугаар сарын 20-нд хэрэгжиж дууслаа. Хуулийн үр дүн гайхалтай байлаа. Далд эдийн засагт эргэлдэж байсан 34.7 их наяд төгрөгийн хөрөнгөө компаниуд, иргэд ил болгон татварын албанд мэдүүлжээ. Наймдугаар сард анх батлагдахдаа хуулийн хэрэгжилт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор байсан ч аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтээр хуулийн хэрэгжих хугацааг хоёр сараар сунгасан юм. Хуулийн хэрэгжилтийн анхны хугацаа дуусах үед буюу 2015 он дуусах үед 6-7 их наяд хөрөнгө мэдүүлээд байсантай харьцуулахад түүнээс бараг тав дахин их хөрөнгө ил гарлаа. Хуулийг анх боловсруулагчид хамгийн ихдээ 10 их наядын хөрөнгө гарч ирнэ гэж тооцож байсан юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь төрийн албан хаагчдад хамаарахгүйгээр батлагдсан бөгөөд хэрвээ төрийн албан хаагч гэж ялгалгүй бүх иргэнд тэгш байхаар заасан бол үүнээс ч их хөрөнгө ил болох байсан.

Монгол улсын жилийн төсвөөс даруй тав дахин их хөрөнгө далд эдийн засагт эргэлдэж байсан гэж бодохоор эдийн засгийн өршөөл үзүүлэх эрх баригчдын шийдвэр зөв байжээ. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт зарласан энэ тоо бол урьдчилсан дүн гэдгийг хэлэх хэрэгтэй. Эцсийн дүн мэдээ гарахад энэ тоо өсөх магадлалтай. Ингэснээр Монгол улс эдийн засгийн өршөөлийг амжилттай хэрэгжүүлсэн орны тоонд орж байна.

Дэлхийн улс орнууд өршөөлийн хуулийг ашиглаж ирсэн туршлага чамгүй бий. Амжилттай нь ч байхад, амжилт олоогүй нь ч бас байдаг байна. Дэлхийн түүхэнд хамгийн амжилттай байсан орны нэгд Ирландыг тооцдог байна. Төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор 1988 онд тус улс татварын өршөөлийн хуулийг хэрэгжүүлсэн бөгөөд ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэх хөрөнгийг ил болгосон аж.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь төрийн албан хаагчдад хамаарахгүйгээр батлагдсан бөгөөд хэрвээ төрийн албан хаагч гэж ялгалгүй бүх иргэнд тэгш байхаар заасан бол үүнээс ч их хөрөнгө ил болох байсан.

Мөн хуулийн дагуу 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсоноос гадна 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангийг чөлөөлсөн.

Эдийн засгийн өршөөл үзүүлэхийг зөв, буруу гэсэн маргаан ямагт байсаар ирсэн. Үнэндээ төрийн татварын алба байсаар байхад ингэж хууль гарган тусгай нэг удаагийн арга хэмжээ зохион байгуулах ямар хэрэг байна, татварынхан хийх ёстой ажлаа хийх ёстой гэсэн байр суурийг өршөөлийг эсэргүүцэгчид гарган тавьдаг. Гэсэн ч улс болгоны эдийн засгаа авч яваа арга барил, өмнөх туршлага, хөгжлийн онцлог өөр, төрийн албаны чадамж ч ялгаатай учраас ийм арга хэмжээ ач тусаа өгнө, гагцхүү цагийг нь олох ёстой гэж өршөөлийг дэмжигчид сөргүүлэн тавьдаг. Үүний өмнөх буюу 2007 онд Монгол улс мөн эдийн засгийн өршөөл үзүүлж 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлогыг ил болгосон нь 2007-2008 оны хямралыг хүндрэл багатай давахад тус болсон гэдэг. Тэгвэл энэ удаагийн өршөөл ч мөн цагаа олсон. Монгол улсын орлогын гол үүсвэр болсон уул уурхайн салбар уналтад ороод байгаа энэ үед ийм их хэмжээний хөрөнгө, орлогыг гаргаж ирж чадсан нь цаашдын хөгжилд ач тусаа өгөх нь дамжиггүй. Өнгөрсөн онд ОХУ иргэд, аж ахуйн нэгжийнхээ гадаад дахь хөрөнгөд өршөөл үзүүлсэн нь барууныхны хоригт ороод байгаа үед мөн л цагаа олсон хэрэг байсан.

Гэсэн ч өршөөлийг дахин дахин үзүүлэх нь тийм ч сайн хэрэг биш. Ингэх нь бизнес эрхлэгчдэд дараагийн өршөөл хүртэл хөрөнгөө нуух сэдлийг төрүүлдэг гэж үздэг. Нэн ялангуяа манайх шиг татвар, бүртгэлийн тогтолцоо нь бүгдэд хүрч ажиллах боломжтой жижиг эдийн засагтай орны хувьд. Татварын өршөөлийн хувьд Энэтхэг хамгийн их хэрэглэдэг орны тоонд ордог бөгөөд энэ нь тухайн орны онцлогтой холбоотой. Энэтхэг улс дунджаар арван жил тутам өршөөл үзүүлж ирсэн. Тэрбум хүнтэй энэ улсын хүн амын дөнгөж 1,3 хувь нь татвар төлдөг учраас өршөөл үзүүлж, татвар төлөгчдийн баазаа өргөтгөхийн тулд ийнхүү өршөөлийг үзүүлдэг байна.

Өршөөлийн хууль нь ял зэм хүлээлгэхгүй байх, мэдээллийг нууцлах, нэг удаагийн байх, өршөөлийн ач тусыг өргөн сурталчилсан нөхцөлд л ач тусаа өгдөг гэж шинжээчид үздэг.

Татварын бааз өргөсч, улсын төсөвт орох орлого нэмэгдэж байгаа ч мөнгөө гудсан доор хийлгүй хуулийн дагуу татвараа шударгаар төлж ирсэн нэгэнд гомдолтой санагдаж байгаа. Шударгачуудын хувьд хуучин амьдрал нь хэвээрээ л үргэлжилнэ, харин сүүдрээс гарч ирэгчид одоо төрийн өмнө та нартай ижил хариуцлага хүлээдэг болж байгаа нь сэтгэл ханамж биш гэж үү.

Д.НАРАНТУЯА

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж