Уншигч та бүхэндээ бид “Үхлээс мултарсан нь” киноны найруулагч Мексикийн Алехандро Иннаритугийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэрбээр “Birdman”, “Үхлээс мултарсан нь” зэрэг киногоор хоёр жил дараалан Оскарын шилдэг найруулагчийн шагнал авсан юм.
-Ноён Иннариту, киночин хүн кинондоо амьдардаг уу?
Кино болгонд бүтээгчийн хэтрүүлэг гэж байдаг. Миний бүх кинонд ч бас миний хэтрүүлэг бий. Миний кинонууд эхэндээ бодит байдалтай хэтэрхий сүлэлдсэн юм шиг санагдана. Тэгснээ гэнэт баларч алга болох талтай. Киноны өгүүлэмж нь гэхдээ бидний эргэн тойрон дах бодит амьдралын тусгал байдаг. Надад ийм зүйл олон удаа тохиолдож байсан.
Жишээлбэл ямар кинонд ?
Хамгийн сүүлийн жишээ гэвэл “Үхлээс мултарсан нь” киног хэлж болно. Киноны зураг авалт бодит байдалд өрнөсөн. Ус л гэхэд маш хүйтэн, -40 хүйтэнд зураг авалт болж л байлаа.
Та яагаад ийм эрс тэс нөхцөлд кино зураг авдаг юм бэ?
Зэрлэг онгон байгальд зураг авахдаа би баярласан. Зураг авалт жинхэнэ бас бодитой болж байлаа. Байгаль дэлхий бүхэлдээ фон болж, бид студид зураг авдаг шиг зохиомол тайз бэлтгэх шаардлагагүй байлаа. Кино урлаг анх үүсэхдээ ийм л байсан байх. Ямар ч сайн компьютер, дизайнер байгаль шиг төгс тайз хийж чадахгүй нь тодорхой.
Яагаад чадахгүй гэж?
Зөвхөн байгалийн давтагдашгүй гоо сайхан, олон нарийн зохицолдоо ч байгаа юм биш. Энэ бүхэн хүний сэтгэлд байгаа юм. Би тэр мэдрэмжинд дуртай. Кино бүтээх үйл явц чинь өөрөө кино шүү дээ.
Гэр бүлтэй хүнд ийм амжилт гаргах амаргүй даваа юу?
Эхнэр маань надаас салчихгүй байх гэж найдаж л байна. (инээв) Амаргүй шүү. Киноны ажил их тэсвэр тэвчээр шаарддаг. Гэр орноосоо хол удаан байх болно. Ер нь хамгийн хэцүү нь л энэ байдаг.
Та өнгөрсөн жил “Birdman” киногоор Оскарын шагнал авах үедээ “Үхлээс мултарсан нь” киноны зураг авалтаа эхэлчихсэн байсан. Зогсохоо мэдэхгүй хүн юм аа даа?
Би хоёр марафонд уралдчихлаа. Тиймээс одоо завсарлага авах хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд “Birdman”-ы зураг авалтыг яаж дуусгаснаа одоо санахгүй байна. Сүүлийн хоёр жил юу юу болоод өнгөрснийг эргэж санахын тулд хэдэн сар амрах хэрэгтэй юм шиг байна. Би ерөнхийдөө нэг киноны зураг авалт дууссаны дараа хоёроос гурван жил завсарладаг. Сүүлийн хоёр гурван жил миний ганц бодож байгаа юм энэ л байна.
“Америкт нэг удаа” киноны продюсер Арнон Милчан шиг хүмүүс “Birdman”, “Үхлээс мултарсан нь” киног амжилттай гаргахад нөлөөлөв үү?
Гарцаагүй. Ашигтай, сайн кино бүтээхэд урлагт хайртай, мэдээж бас мэдрэмжтэй, чин сэтгэлтэй хүнийг олж, хамтарч ажиллах маш чухал. Тэгэж байж л кино амжилт авчирдаг.
Зарим нь зөвхөн мөнгөний хойноос хөөцөлдөөд байх шиг ?
Зарим кино амжилт олохгүй байгаагийн шалтгаан тэр шүү дээ. Одоо ихэнх бизнесменүүд продюсер болчихсон тууж явна. Тэд кино урлагт дуртайдаа биш, зөвхөн ашиг хонжоо хайж байна. Харин ашиг хонжоо хайсан кино кино биш, бүтээгдэхүүн, реклам л болно ш дээ. Нөхцөл байдал ийм л байна. Өмнө нь огт өөр байсан гэж би хэлэхгүй. Хэзээд ийм байсан. Гэхдээ одоо ашиг хонжоо хайгчид урьд урьдынхаас олширч байна.
Та дахиад “Үхлээс мултарсан нь” шиг кино хийх үү?
Би энэ киног бүтээсэндээ огт харамсахгүй байна. Сайн кино болно гэдгийг мэдэж байсан болохоор би хийсэн. Өөрөөрөө бахархаж байгаа. Гэхдээ би дахин үүн шиг кино хийхгүй байх. Амаргүй ажил шүү. Маш их тэсвэр тэвчээр шаардана. Үнэндээ би энэ киног амьд мэнд дуусгаж чадсандаа баяртай байна.
Н.ЭНХ