“Зоос гоёл”-ын замыг өнөө оройноос хаана

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Зоос гоёл”-ын замыг өнөө оройноос хаана

Энэ жил Улаанбаатар хотод замын ажил эрт эхэлж, харьцангуй олон зам ашиглалтад ороод байгаа билээ. Борооны ус зайлуулах шугам, инженерийн шугам сүлжээг сувагчлалд оруулах, гэрэлтүүлгийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх гээд замын ажилд ахиц гарсан зүйл их. Нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буйд нийслэлчүүд ч ам сайтай байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод таван зам нээлтээ хийжээ.

1.Ажилчны гудамжийн 3.5 км авто замын шинэчлэлтийг “Си Эф Си групп” ХХК өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцлөөр гүйцэтгэж байна. Зургадугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ХУД-ийн Замын цагдаагийн постоос Говь ХК-ийн урд уулзвар хүртэлх 1.1 км замыг хааж, хучилтын ажлыг гүйцэтгэн 16-нд замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Гэрээ ёсоор уг замыг ирэх наймдугаар сарын 25-нд хүлээлгэж өгөх юм. 

2.10-р хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км авто замын шинэчлэлтийг Тотал Инж компани нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд энэ замын баруун тийш чиглэх урсгалыг зургадугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд хааж, хучилтын ажлыг гүйцэтгэлээ. 16-ны 23 цагаас эхлэн долоо хоногийн хугацаагаар урд хэсэг буюу зүүн тийш чиглэх урсгалын хөдөлгөөнийг хаагаад байна. Энэ үед шинэчлэлт хийж нээсэн хойд талын урсгалаар зорчино.

3.Зургадугаар сарын 14-ний өглөө Бага тойруугийн замд Анкарагийн гудамжны хэсэгт буюу Зоос гоёлын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх хэсгийн зорчих хэсгийг нээлээ. Харин Ус цаг уурын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Зоос гоёлын баруун урд уулзвар хүртэлх хэсгийг тав хоногийн хугацаатай хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэн зургадугаар сарын 20-ны даваа гаригийн өглөө нээсэн. Гүйцэтгэгч “Мон Агаар” ХХК.

4.22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замыг өргөтгөн, шинэчлэх ажлыг “Чи Чи Ха Ар хотын хот төлөвлөлт инженеринг” ХХК, “Бэрх зараа” ХХК-ийн түншлэл өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байгаа юм. Таван шарын төмөр замын гарамтай уулзварыг өргөтгөн хучилт хийж, зургадугаар сарын 16-нд нээлээ. Уг уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх замын хучилтыг үндэсний баяр наадмаас өмнө хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
5.Залуучуудын өргөн чөлөөний замын хэсэг болох Төрийн ордны баруун хойд уулзвараас зүүн хойд уулзвар хүртэлх 200 метр замын зорчих хэсгийг 20-ны даваа гаригийн өглөө нээсэн. “Өгөөмөр зам” компанийн замчид нийт 0.9 км замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийх юм.

Харин өчигдрөөс гурван хэсэгт зам түр хааж зам барилгын ажил эхлэлээ.
 
1.ТЭЦ-4-ийн урдуурх 6.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг Эрдэнэ зам ХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр он дамжуулан гүйцэтгэж байгаа юм. Энэ замын Сонсголонгийн уулзвараас зүүн тийш 1.5 км хэсгийг өнөө орой буюу 17-ны 23 цагаас эхлэн долдугаар сарын 01 хүртэл хааж, зам барилгын ажлыг гүйцэтгэхээр боллоо. Замын хөдөлгөөн хаасан үед тээврийн хэрэгслүүд ТЭЦ-4-ийн урдуур гаргасан түр замаар зорчино.

2.Бага тойруугийн замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Ус цаг уурын хүрээлэнгийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд хааж, долдугаар сарын 6-ны 06 цагт нээнэ.

3.Маргааш 23 цагаас эхлэн Залуучуудын өргөн чөлөөнд Зоос гоёлын уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх 300 метр замын хөдөлгөөнийг долдугаар сарын 9-ний 06 цаг хүртэл хязгаарлаж зам засвар, шинэчлэлтийн ажлыг "Өгөөмөр зам" ХХК гүйцэтгэнэ.

http://ulaanbaatar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж