Монголын оюутнууд өнөөдөр жагсана. Шалтгаан нь оюутны тэтгэлэг хэлбэрээр сар болгон өгдөг 70 мянган төгрөгийг Төрийн сангаас одоо болтол олгоогүй гэнэ. Сургалтын төлбөр, сарын тэтгэлгээс болоод Монголын оюутнууд үе, үе жагсах нь хэвийн үзэгдэл болсон.
Эдийн засгийн хямарч, улс төсөв улайж, Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд чардайж байна. Тиймээс оюутны 70200 төгрөгийг олгох санхүүжилт байхгүй байгаа бололтой. Гэхдээ Засгийн газар энэ учраа оюутнуудад тайлбарлачих ёстой юм.
Монголын оюутны холбоонд ирсэн гомдлын 70-80 хувь нь оюутны 70 мянгатай холбоотой байгаа талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Тиймээс тэд 70 мянган төгрөгийнхөө төлөө цасан шуурганаар жагсахаар болсон. Гэхдээ “Зөвхөн 70 мянгын төлөө биш, оюутнуудын нийгэм дэх нэр хүндийг өргөхийн төлөө, эрхээ хамгаалуулахын төлөө жагсана” хэмээн МОХ хэлж байгаа.
Монголын оюутны холбооныхон ““Оюутнууд бэлэнчлэн сэтгэлгээтэй”, “шоудах мөнгөө нэхэж байна” гэх нийгэмд үүссэн сэтгэлгээг өөрчлөхийн төлөө тэмцэж буй үйлдэл. Хичээлийн хажуугаар ажил хийх хүсэлтэй, АСЕМ-ын зочдод туслах эрмэлзэлтэй, цаашид нийгэмд зөв төлөвшилтэй болохоор зорьж буй залуусыг оюутны талбайд цугларахыг уриалж байна” гэх уриа лоозонгийн мэдэгдлийг удаа дараа гаргаж байна. Тэдний энэ мэдэгдлийг сонсвол “Оюутнууд одоо л зөв ярьж, зүгээр сууж мөнгө нэхэхгүй, зүтгэж хөдөлмөрлөх хүсэлтэй болжээ” хэмээн сайшаамаар санагдана.
Гэтэл жагсаалд манлайлан оролцох оюутнуудын цаад зорилгыг асуувал “Бид есөн сараас хойш 70 мянгаа аваагүй”, “70 мянган төгрөгийг оюутнуудад ангилалтай, ялгавартай олгохыг эсэргүүцэж тэмцэнэ”, “70 мянгаас болж оюутнуудын нийгэм дэх нэр хүнд унаж байгааг эсэргүүцнэ”, “70 мянгаас гадна хөдөлмөр эрхлэх хүсэлтэй оюутнууд цуглараарай” зэрэг олон салаа утга бүхий зүйл ярьж байна.
Уг нь өнөөдөр оюутны эрхийн өдөр тохиож байна. Оюутнууд эрхийг нь зөрчиж буй, тулгамдсан асуудлаа ийнхүү нэгдэн, нягтарч, шийдвэрлүүлэхийн төлөө тэмцэх нь санадаг л санаа. Гэвч оюутны эрхийг хөндөж буй, сурч боловсроход нь хүндрэл учруулах нэн тэргүүний асуудал нь 70 мянга мөн үү?
Их дээд сургуулийн төлбөр жил бүр нэмэгддэг. Тэр хэрээр сурах орчин, сургалтын бааз, анги танхимын нөхцөл хэдэн жилийн өмнөх шигээ байдаг нь тэдний тэмцэх, жагсах, нэн тэргүүний зорилго байлтай.
Их дээд сургуулийн төлбөр жил бүр нэмэгддэг. Тэр хэрээр сургалтын чанар, багшлах боловсон хүчин дээшилсэн үү гэдэг ч тэдний хэлэлцэх нэн тэргүүний асуудлын нэг байлтай.
Гэвч тэд үүнийг дурссангүй. “Оюутан бүрд өгнө гэж амласан тэтгэлгээ олгосонгүй”, “Нийтийн тээврийн картын асуудлыг шийдвэрлэж өгсөнгүй”, “Оюутнуудад ялгавартайгаар тэтгэлэг олгож байна” гэх шаардлагыг л удаа дараа тавьсаар байна.
Гэхдээ үүнд бүх оюутныг хавтгайруулах нь өрөөсгөл хэрэг. Сурах орчин, сургалтын чанарыг ярьж хэлж тэмцдэг, эсвэл энэ нөөц бололцоо дээрээ тулгуурлан өөрийнхөө хүчийг дайчлан суралцдаг, онц сурч, чадвартай боловсон хүчин болох эрмэлзэлтэй олон мянган залуу бий гэдэгт итгэнэ.
Гагцхүү өнөөдөр 70 мянгаа нэхэж, тэднийг 70 мянгаар ялгаварлаж байгааг эсэргүүцэж, энэ үйлдлээ зорилгоо болгон жагсаал хийх гэж буй оюутнууд өнөөдрийн эмгэнэл.
Оюутан та нэг бодоод үз дээ. Өнөөдөр эрхийн тань өдөр. Таны сурч боловсрох, мэдлэг бүтээх эрхэнд чинь нэн тэргүүнд ямар асуудал тулгамдаж байна вэ? Оюутан та эрхийнхээ өдрөөр үүнийг нэг бодоод, эргэн тойрноо нэг ажаад үзээрэй.
М.КЕЙТ