Наадмын талбай, барааны захаа андуурдгаа болино

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Наадмын талбай, барааны захаа андуурдгаа болино

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг дахь наадмын үйлчилгээнд зөвхөн хүнс, хоолны худалдаа гаргахаар боллоо. Жил жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд барааны зах адил хөглөрдөг байдлыг энэ жил таслан зогсоож гутал, хувцас, тоглоом, бэлэг дурсгал, соёл, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааг хоригложээ. Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд дүүрэг тус бүр 100 аж ахуйн нэгж, нийт 500 цэг гаргах агаад эдгээрийн 60 хувь нь хуушуур худалдах газар байхаар зохион байгуулах юм.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч нь тухайн харъяалагдах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон дугаараа авах бөгөөд зөвшөөрөл олгосон цэгт, заасан өнгөний дагуу цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч байрлуулж, аж ахуйн нэгжийн онцлогийг харуулсан эмблем бүхий хувцасаар жигдэрсэн байхыг шаардах юм. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт зөвшөөрөлгүй, ил задгай гар дээрээ худалдаа үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд уг бараа бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулах болон улсын орлого болгох ажилд Нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан багийнхан хяналт тавих юм байна. 2010 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт 195, нийт 800 орчим цэгээр худалдаа үйлчилгээ гарсны 50 хувь нь хоол, 30 хувь нь худалдаа, 20 хувь нь бусад үйлчилгээ байжээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж