Умард Солонгос цөмийн зэвсгээ хэзээ ч ашиглахад бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Умард Солонгос цөмийн зэвсгээ хэзээ ч ашиглахад бэлэн гэв

 

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун тус улс цөмийн зэвсгээ хэзээ ч ашиглахад бэлэн болсон гэж мэдэгдсэн байна.

 

Ким Чен Ун армийн удирдлагуудад цөмийн пуужинг хөөргөхийн өмнө армийг нэгдэхийг тушаасан гэнэ.  Умард Солонгос ийнхүү хөдөлгөөнд орж эхэлсэн нь НҮБ тус улсыг цөмийн туршилт явуулж, цөмийн цэнэгт пуужин хөөргөсний хариуд маш хатуу хориг тавьсантай холбоотой.

 

Умард Солонгос өчигдөр богино тусгалын зургаан пуужин харвасан байна. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун телевизээр хэлсэн үгэндээ “Америкчууд дайныг өдөөж, бусад улсын ард түмэнд аюул заналхийлж байгаа эгзэгтэй цаг үед улс орныхоо бүрэн байдал, ард иргэдээ хамгаалах ганц зам бол цөмийн хүчин чадлаа бэхжүүлэх явдал юм” хэмээн ярьсан байна.

 

Умард Солонгосын ийм гэнэтийн мэдэгдлийг олон улсын хэвлэлүүд өлгөн авч байгаа боловч шинжээчид Умард Солонгосыг цөмийн зэвсэг бүтээх чадамжтай гэдэгт эргэлзэж байгаа юм.

 

Ким Чен Уны дээрх мэдэгдлийн хариуд АНУ-ын Пентагоны хэвлэлийн төлөөлөгч коммандлагч Билл Урбан хариу мэдэгдэл хийхдээ "Бид Умард Солонгосыг өдөөн хатгасан үйлдлээ зогсоож, олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна” гэжээ.

 

Лхагва гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг урьд өмнөхөөс хатуу хориг тавьснаар тус улсаас ирж, очих бүх ачаа тээврийг шалган, шинээр 16 өндөр албан тушаалтан болон 12 байгууллагыг хар дансанд бүртгэсэн байна.

 

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж