Сонгуулийн эргэн тойронд үүсдэг зарим нэг асуудлаар СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнээс тодрууллаа.
-Нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ярьж байна. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд нийслэлийн мандатыг нэмэгдүүлж, жагсаалтын тоог багасгах тухай заалт оруулах боломжтой юу?
-Өмнө нь сонгуулийн хууль тогтоомжид зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт байсан. Энэ удаадгийн сонгуулийн хуульд ийм заалт байхгүй. Гэхдээ УИХ-аас баталсан Хуулийн тухай хуульд зааснаар зургаан сарын өмнө сонгуулийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт байгаа. Гэхдээ энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал.
-Жагсаалтын тоог багасгах хуулийн төсөл УИХ-ын чуулганаар дэмжигдвэл сонгуулийн бэлтгэл ажилд нөлөөлөхгүй юу?
-Хэрэв мандатын тоо өөрчлөгдөх юм бол саналын хуудас л өөрчлөгдөнө. Жишээ нь гурван мандаттай тойрог байж байгаад дөрвөн мандаттай болговол саналын хуудас дээр дөрвөн хүний нэр бичигдэнэ. Харин СЕХ-ны зохион байгуулалтын шинж чанартай холбоотой өөрчлөлт орох юм бол бэлтгэл ажил нөлөөлжил таарна. Одоогийн байдлаар СЕХ-ны хувьд заавар журам, үнэмлэх, маягтын загвар дээр ажиллаж байна.
-Одоогоор саналын хуудасны загвар эцэслэн гарсан уу?
-Саналын хуудасны хэмжээ өмнөх сонгуулийн загвараас хоёр дахин том байна. Яагаад гэвэл өмнөх УИХ-ын сонгуульд 13 нам оролцож байсан. Энэ удаад 24 нам оролцоно. Тийм хэмжээний хувьд урт болно. Гэхдээ нам эвслийг бүртгэх хугацаа болоогүй байна. Бүртгэл дууссаны дараа хэдэн нам оролцох вэ гэдгээс хамаарна. Саналын хуудасны загвар тоог СЕХ-ын хурлаар шийддэг ч хугацаа нь болоогүй байна.
-Нэр дэвшигчид хуурамчаар намтар түүхээ бичих тохиолдол гарч байсан уу. Хэрэв тийм бол ямар арга хэмжээ авах вэ?
-Нэр дэвшигчид намтар түүхээ бичихдээ гадаадын курс дамжаанд сурж ирчихээд тийм ийм сургууль төгссөн гээд хэлчихдэг. Ер нь бол курс төгссөн гэдгээ бичих шаардлагатай. Мөн тодорхой хугацаанд ял шийтгэл хүлээж байсан хүмүүс байж болно. Хэрэв тийм бол хэдэн онд ял шийтгүүлсэн, хэдэн онд ялтайд тооцох хугацаа дууссан гэдгээ тодорхой бичих шаардлагатай. Хэрэв нууж нэр дэвшээд илрэх юм бол бичиг баримтаа хуурамчаар бүрдүүлсэн гэдэг асуудалд орох юм бол нэр дэвшигчээсээ хасагдах хүртэл арга хэмжээ авна.
-Ямар этгээдээс хандив авч болохгүй вэ. Тодорхой хэлэх боломж байна уу?
-Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлд хандив өгөх, хүлээн авахыг хориглох гээд заачихсан байгаа.
Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйл. Хандив өгөх, хүлээн авахыг хориглох
“52.1.Дараах этгээдээс хандив өгөхийг хориглоно:
52.1.1. Гадаа улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/
52.1.2. олон улсын байгууллага
52.1.3. төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага
52.1.4. гадаад улсын иргэн
52.1.5. харьяалалгүй хүн
52.1.6. арван найман нас хүрээгүй хүн
52.1.7. төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд
52.1.8. шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд
52.1.9. Үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага
52.1.10 байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.
52.2. Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авсан эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.
52.3. Хандив өгсөн этгээдийн эрх зүйн байдал нь тодорхойгүй бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.
52.4. Энэ хуулийн 52.2, 52.3-т заасныг зөрчих, хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив хүлээн авсан бол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж, хүлээн авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ” гэж заасан байдаг байна.
Т.ДАВААНЯМ