Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагчийг шалгаруулсан. Уг төслийг хариуцан ажиллаж байгаа М.Энхсайхантай уулзаж ярилцлаа.
-Тавантолгойн цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулагчаар Марубени шалгарсан. Манайхан бүх зүйлийг улстөржүүлдэг болохоор Марубенийг яагаад шалгаруулсан бэ гэж хардах байх л даа. Ингэхэд ямар шалгуураар хөрөнгө оруулагчийг шалгаруулсан бэ?
-Тавантолгойн цахилгаан станц /ТТЦС/-ын төсөл шинэ шатанд гарлаа гэж хэлж болох юм. Төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн арван компаниас дөрвийг нь сонгож, манай тал тэдэнд арилжааны болон техникийн даалгавар хүргүүлсэн юм. Хоёр нь Японы компани, хоёр нь Солонгосын болон Солонгос, Францын хамтарсан консорциум байсан. Францын компани нүүрснээс татгалзах Засгийн газрын бодлогынхоо хүрээнд нэрээ татан авч шалгаруулалт үндсэндээ гурван компанийн дунд явагдсан. Японы “Marubeni”, “Kansai”, Солонгосын “Daewoo” компани бүгдээрээ нэр хүндтэй, туршлагатай компаниуд. Тэднээс ирүүлсэн саналуудыг барагцаалбал 15 шалгуур үзүүлэлтээр өөр хоорондоо хамааралгүй мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн гурван хэсэг үнэлж, дүнгээ нэгтгэх замаар “шалгарсан хөрөнгө оруулагч”-аар Японы “Marubeni” компанийг тодруулсан. Шалгаруулалт шударга явагдаж байгаа эсэхэд Английн “Deloitte” компани хяналт тавьж ажилласан. Мегатөсөл шударга байдлын аудитын хяналттай хийгддэг гэдэг нь бидний хувьд шинэлэг сонсогдох байх. Монголд цааш, цаашдаа том төслүүд хэрэгжүүлэхэд мөн энэ асуудал гарах болно.
-Энэ төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулсан нь ажил нэг алхам урагшилж байна гэсэн үг байх. Гэхдээ нөгөө талд Тавантолгойн төсөл шиг “нуран” унах вий гэсэн болгоомжлол байна. Тавантолгой төсөл дээр би танаас асууж байсан шиг асуулт тавъя. Төсөл бүтэх магадлал хэдэн хувьтай байна?
-ТТЦС төсөл бүтэх магадлал 95 хувьтай гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл Төслийн нэгж төслийн хувь заяанд сөргөөр нөлөөлөхүйц алдаа гаргаагүй. Санхүүгийн хаалт хүртэл Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж ажиллаж байгаа Төслийн нэгж нягт нямбай ажиллах шаардлага бий. Анхаарал ерөөс сулруулах эрхгүй. Төслийн компанитай Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ тавдугаар сард багтааж хийх төлөвлөгөөтэй байгаа. Гэрээний үндсэн нөхцөлүүдийг арилжааны даалгаварт оруулж, хөрөнгө оруулагчдад урдчилан хүргүүлсэн тул том бэрхшээл гарахгүй гэж бодож байна. Төсөл ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Сангийн яам, Хөгжлийн банк, Байгаль орчны яам, Өмнөговь аймаг, орон нутаг зэрэг олон байгууллагуудын хүч хөдөлмөрөөр энэ түвшинд хүрсэн бөгөөд цаашид ч тэдний нэгдмэл ажиллагаа төслийн эцсийн хувь заяаг шийдэх юм.
– Монголын эдийн засаг дахь ач холбогдол нь юу вэ.Яг үнэндээ бол сүүлийн 25 жил Монголд эрчим хүчний салбарт ийм том төсөл хэрэгжээгүй юм байна?
-ТТЦС нь юуны өмнө Оюутолгойг эрчим хүчээр хангана. Мөн уул уурхайн бусад төслүүдийг эрчим хүчээр хангах бололцоог бий болгоно. Бүхэлдээ говийн бүсийн үнэ цэнийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэг рольтой. Цахилгаан станц жилд 1,5 сая тонн нүүрсийг хэрэглэнэ. Хангалт болон боловсон хүчний хувьд манай үндэсний компаниуд голлох үүрэг рольтой байна. Орон нутгийн хөгжил ч шинэ түвшинд гарна. Арга зүйн хувьд дараа дараачийн мегатөсөлд жишиг болоосой гэж бодож байна. Мегатөслийг монголчууд нэг удаа амжилттай хийж чадвал удаах нь харьцангуй хялбар болох байх гэж найдаж байна.
Мегатөсөл хэн нэгэн хүн, аль нэг намын ааш араншингаас хамаарах учиргүй юм. Монголчууд мегатөсөл боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг болох ёстой. Тэгж чадна гэдэгт би итгэж байгаа. Мегатөсөл өөрийн онцлогтой, арга зүйтэй, алдаа мадаг, улс төржилтөд амархан үхээд өгдөг эмзэгхэн “амьтан”. Ямар сайндаа дэлхийн хэмжээнд нийт яригдаж байгаа мегатөслүүдийн гуравны хоёр нь бүтэлгүйтэж, гуравны нэг нь амжилтад хүрдэг.
-Төслийн хөрөнгө оруулагчийг зарлах мөч хүртэл танай ажлын хэсэг мэдээллээ нууцалсан. Шалтгаан нь юу байв?
-Хөрөнгө оруулагчийг шалгаруулах үйл явц шударга явагдаж байгаа эсэхэд Английн “Deloitte” компани хяналт тавьж ажилласан гэдгийг би түрүүнд танд дуулгасан. Хөрөнгө оруулагчтай харьцах, тэдний асууж тодруулах бүх асуултыг зөвхөн “Deloitte” компанийн нууцлагдсан код бүхий “e-room”-ээр дамжуулж байсан. Хэн ямар тодруулга хүсч байгааг Төслийн нэгж мэдэх эрхгүй байсан. Бүх оролцогч талд ижил мэдээлэл, тодруулга хүргэгдэж байсан. Мегатөсөл тэр тусмаа олон улсын санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох төсөл нарийн стандарт шаардлагатай байдаг. Энэ бүгдийг манай тал мөрдөж ажилласан.
-Ингэхэд Тавантолгойн төсөл таг боллоо. Засгийн газар төслөө буцааж авснаас хойш шинэ мэдээлэлгүй ч болсон. Эрх баригчдын хоорондын хэрүүл ч намжсан. Ингэхэд таны төсөл эрх баригчдад таалагдаагүй шалтгаан үнэндээ юу байсан юм бэ? Үнэхээр “но”-той төсөл байсан уу?
-Тавантолгой нүүрсний төслийн хувьд бид гэрээ байгуулчих моментоо алдсан. Тэр цагаас хойш зах зээлийн байдал бидний хувьд тааламжгүй байгаа тул Тавантолгой төслийн хувь заяаны асуудал нэг хэсэгтээ хойш тавигдах байхаа.
-УИХ-ын дарга З.Энхболд дараагийн парламентад Тавантолгойг даалгавар болгон үлдээж байгаа гэсэн. Дараагийн парламентад аль нам олонх болохоос Тавантолгойн хувь заяа хамаарна гэж хэлж болох уу?
-Мегатөсөл хэн нэгэн хүн, аль нэг намын ааш араншингаас хамаарах учиргүй юм. Монголчууд мегатөсөл боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг болох ёстой. Тэгж чадна гэдэгт би итгэж байгаа. Мегатөсөл өөрийн онцлогтой, арга зүйтэй, алдаа мадаг, улс төржилтөд амархан үхээд өгдөг эмзэгхэн “амьтан”. Ямар сайндаа дэлхийн хэмжээнд нийт яригдаж байгаа мегатөслүүдийн гуравны хоёр нь бүтэлгүйтэж, гуравны нэг нь амжилтад хүрдэг. Энэ тухай би олонтаа ярьж байгаа.
-УИХ-ын сонгууль ойртох тусам намууд нэгдэх, нийлэх асуудал хүчтэй өрнөх боллоо. МАН,МАХН-тай нэгдэх хүслээ ил шулуухан илэрхийлэх болсон. МАХН ч бас МАН-тай нэгдэх сонирхолтой байгаа. “Шударга ёс” эвслийн байгуулсан гэрээ ингэхэд хэзээ дуусах юм бэ?
-“Шударга ёс” эвсэл дараачийн сонгууль болтол хэвээр ажиллана. Хямралтай энэ цагт юуны өмнө Засгийн газрын тогтвортой байдлыг хангах явдал бидэнд чухал. Дээр нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын удирдсан Засгийн газар хямралын эсрэг хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, том төслүүдийг хөдөлгөх зэргээр ирээдүйн санхүүгийн болон өрийн хүндрэлийг зөөлөвчлөх чиглэлээр бүхий л бололцоотой арга хэмжээ авч байгаа. Цаашдаа Монгол Улс ОУВС-тай илүү нягт хамтран “Стэндбай” хөтөлбөр тохиролцох шаардлагатай гэж би хувьдаа бодож байгаа. Хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал.
-“Стэндбай” хөтөлбөрийг авах Монголд ашиггүй юм биш үү. Эдийн засаг борцлогдох аюултай гэж зарим эдийн засагчид үздэг?
-Популизмын уршгаар гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засгийн ач холбогдлыг буруу ойлгож байсан шигээ ОУВС-ийн хөтөлбөрийн үүрэг ролийг манайхан буруу ойлгож байгааг энд шулуухан хэлье. Монголд тулгамдаж байгаа том асуудал бол санхүүгийн сахилга бат тогтоож, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвараа нэмэгдүүлэх явдал бөгөөд энэ хэрэгт ОУВС бидэнд том тусалж чадна гэж бодож байна.
-УИХ-ын сонгууль ойртож байна. Хэвлэлээр болон сошиалаар янз бүрийн мэдээлэл явж байна. “Шударга ёс” эвсэл задарлаа гэхэд танай намд ямар тактик байна. ИЗНН-ын хувьд Ардчилсан намын саналыг хүлээж авсан. Ардчилсан нам ч бас танай МҮАН-тай нэгдэх, нийлэх асуудлыг тавьж байгаа. Энэ яриа юу болж байна. АН-ын хүсэлтийг танай нам хүлээж авах уу?
-Янз бүрийн түвшинд албан болон албан бусаар санал бодлоо солилцоод явж байна. Миний ажигласнаар сонгуулийн өнгө тодрох цаг арай болоогүй байна. Энэ талаар цаг нь болохоор ярилцъя.
Ж.НЯМСҮРЭН